Ш.Мягмар: 350 сая долларыг усны нөөц нэмэгдүүлэхэд зарцуулна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.
–Усны салбарын 80 жилийн ой саяхан тохиосон. Энэ салбарын хөгжлийн түүхийг товчхон сонирхвол?
-Монголд орчин цагийн усны салбар үүсч хөгжөөд 80 жил боллоо. Түүхэн эх сурвалжуудад ч Өгөдэй хаан Чингис хаанаас хойш дөрвөн сайн үйл хийсний нэг нь худаг ус гаргах ажлыг эрчимтэй хийсэн нь монголчууд эртнээс усыг хамгаалж, ашиглаж, арвижуулж ирсний жишээ. Идээний дээж сүү хутгасан шанагаараа хүртэл ус хутгадаггүй ийм л ариун нандин уламжлалтай ард түмэн.
Уламжлалт аж ахуйд суурилсан бэлчээр, хүн амыг усжуулах ажлын хүрээнд 1938 онд Мал тариалангийн яамны дэргэд Усны департмент байгуулагдсанаар орчин цагийн усны салбар үүссэн.1948-1968 онд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, материал техникийн баазыг бэхжүүлэх, худаг ус гаргах ажлыг үе шаттай хийж ирсний дотор сүүлийн 10-аад жилд нь анхны усны аж ахуйн яамтай болж хууль эрхзүйн бичиг баримтууд гарч байжээ. Харин 1968-1988 оныг усны салбарын үсрэнгүй хөгжлийн оргил үе гэж хэлж болно. Энэ үед 40 гаруй мянган худаг гаргаж, бэлчээрийн 60 гаруй хувийг усжуулж, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд 40 гаруй мянган га талбайг хамрах усжуулалтын системтэй болсон онцлогтой он жилүүд байлаа.
Гэтэл 1986 онд усны аж ахуйн яамыг татан буулгаад 2005 он хүртэл бараг 20 гаруй жил төрөөс усны салбарт баримтлах бодлого алдагдсан гэж хэлж болно. Энэ хугацаанд бүтээн байгуулалтууд устаж, зах зээлд шилжиж өмч хувьчлал нэрийн дор үнэгүйдэж үрэн таран болж уналтын үедээ ирсэн. Нөгөө талаас бэлтгэгдсэн боловсон хүчнүүд амьдралын эрхээр өөр салбар руу орсон байдаг.
–Тэгвэл хэдийнээс усны салбар сэргэв. Одоо эрхзүйн орчин хангалттай байна уу?
-2005 онд Усны хуулийг шинэчлэн баталж, усны үнэлэмжийг нэмэгдүүлэх бие даасан агентлаг байгуулж бодлогын олон ажил хийсэн. Тухайлбал, 2004 онд улсын хэмжээнд ус ашигласны төлбөрт 200-гаад сая төгрөг төвлөрдөг байсан бол 2005-2006 онд 10 дахин нэмэгдсэн. 2010 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг үсрэнгүй ажлыг хийсэн ч 2012 оны сонгуулийн дараа Шинэчлэлийн Засгийн газар усны агентлагийг татан буулгасанд салбарын эрдэмтэн судлаачид шүүмжлэлтэй ханддаг. Улс орнууд Мянганы хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ хот суурин газар, улс орны аюулгүй байдал тогтвортой хөгжлийн үндэс нь усны асуудал байтал агентлагийг татан буулгасан нь улстөрчдийн алсын хараагүй шийдвэр байсан гэж судлаачид үздэг. Одоо бол БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар нэртэй, хоёр хэлтэст 10 гаруй хүн ажиллаж байна. Бид усны салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Үүний нэг нь Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг амьдралд хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас шинэ шатанд гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна.
Ер нь устай холбоотой эрхзүйн орчин сайн бүрдсэн гэж үзэж болно. Үндсэн хуулиас эхлээд тооцвол 20-оод хууль тогтоомж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын 10 гаруй захирамж, салбарын болон бусад сайдтай хамтарсан 20-30 дүрэм журам, мөн 100 гаруй стандарт бий. Усны нөөц хамгаалах ажлууд хийсэн боловч зөв зохистой ашиглах ажил орхигдсон. Бусад улс орон усны нөөцөө зөв зохистой ашигладаг, менежмент хийдэг. Нөөцийг нэмэгдүүлж, хуримтлуулж, усны сан байгуулж, алсын зайнд шилжүүлэх ажлыг хийдэг юм байна. Ингэж усны нөөцөө зөв, зохистой ашигласан улс орон хөгждөг.
–Монгол Улс усны нөөцөд тохирсон менежментийг хэрхэн хийх вэ?
-Манай улсын усны нөөц жилд 564.8 км куб гэсэн судалгаа бий. Үүний 98 хувь нь гадаргын, хоёр хувь нь газрын доорх ус. Гэтэл ашиглалт нь эсрэгээрээ 80 гаруй хувь нь газрын доорх, 10 гаруй хувь нь гадаргын усаа ашигладаг. Монголын хувьд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн гээд гадагшаа урсч байгаа том голуудын урсацыг тохируулах шаардлагатай. Ингэснээр голын урсацыг тэтгэхээс гадна экологийн тэнцлийг хангаж, иргэдийн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, үер усны аюулаас хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой.
Үерийн урсацыг хуримтлуулаад ус дутагдалтай байгаа говь, хээр талын нутгаа усжуулах юм бол үр дүнтэй ажил болно.
Төрийн бодлогын хүрээнд хүн амыг чанарын баталгаатай аюулгүй усаар хангах зорилго тавьж байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, газар тариаланг усаар хангах ажил чухал байна. 1980-аад онд 20 сая малтай байхад бэлчээрийн 60 гаруй хувийг усаар хангаж байсан бол одоо малын тоо гурав дахин өссөн мөртлөө бэлчээр усжуулах ажил хоцрогдолтой. Мөн үйлдвэр уурхайн газрууд буюу цахилгаан, дулаан эрчим хүч, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг усаар хангах ажил чухал. Эдийн засгийн голлох салбар болсон уул уурхай чухал. Засгийн газрын уул уурхайн төслүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах бодлогын хүрээнд Тавантолгой, Оюутолгойг түшиглэх болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг усаар хэрхэн хангах вэ гэдэг асуудлыг ярихаас аргагүй. Монгол Улс байгалийн баялаг, нөөц хангалттай байгаа ч бүх асуудал усан дээр л очиж гацчихаад байна. Гадны хөрөнгө оруулагчид ч усны нөөц, баталгаан дээр санаа зовдог.
–Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Усны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Дэлхийн цаг уурын байгууллагаас сүүлийн 100 жилийн хугацаанд цаг агаар 0.7-0.9 хэмээр дулаарсан тооцоо гаргасан. 1940-өөд онд Монголд анхны ус цаг уурын байгууллага бий болж хэмжилтийн станц байгуулснаас үзвэл сүүлийн 75 жилийн хугацаанд Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт 2.1-2.3 хэм дулаарсан байна. Үүнийг дэлхийн дундажтай харьцуулахад гурав дахин эрчимтэй явагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын үзсэнээр Төв Азийн өндөрлөг бүс нутаг дахь манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өндөр автана гэж үзэж байна. Үүнийг цаг агаарын өөрчлөлт, хур тунадасны хуваарилалт харуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, эрдэмтэн судлаачдын 40 гаруй жилийн судалгаа, бодит байдалтай уялдуулан Усны агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж буйг Ерөнхий сайд саяхан 80 жилийн ойн үеэр хэллээ. Үүнтэй холбоотой сургалт, хэлэлцүүлэг, танилцуулгуудыг ч хангалттай хийлээ. Энэ үеэр бүгд л Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад усны агентлаг байгуулж усны нөөцөө хуримтлуулах шаардлагатайг хэлж байна. Бид холбогдох бүхий л судалгааг хийж ҮАБЗ, холбогдох яамдад хүргүүлсэн.
Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаагийн нэг хэлбэр нь өмнө нь өвөл үстэй дээл, малгай өмсдөг байсан бол одоо цув, савхин малгайтай л өвөлжиж байна. Энэ нь үйлдвэржилт, хотжилт, хүний буруутай үйл ажиллагаанаас болж байна. Монгол Улс 2020-2030 он гэхэд азоны хийн ялгаралыг 20-30 хувиар бууруулах үүргийг олон улсын өмнө хүлээсэн.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гадаргын усанд нөлөөлж байгаа нь эрс мэдрэгдэж байна. Тухайлбал, энэ жил сүүлийн 20 жил ороогүй хур тунадас орсон ч гантай хуурай жилүүдийг олон жилийн дундажтай харьцуулахад олон тооны гол ус ширгэсэн. Өнгөрсөн оныг харвал 11140 булаг шандаас 1100, 5500 гол горхиноос 336, 2000 гаруй нуур тойрмоос 321 нь ширгэсэн байдаг. 10 орчим хувь нь ширгэсэн гэсэн үг. Олон тооны зээр гөрөөс харангадсан, усны шувууд нуурандаа очиж чадаагүй, хуурайшилтаас үүдсэн гал түймэр ихэссэн тохиолдол байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, усны нөөцөд таарсан зөв менежмент хийхгүй бол үер ус, ган гачиг болоход яах вэ гэдгийг шийдвэрлэх ёстой.
–Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, саармагжуулахад иргэн ямар оролцоотой байх вэ?
-Иргэд наад зах нь л голын ус бохирдуулахгүй байхаас гадна зөв хэрэглэж, хэмнэж сурах хэрэгтэй. Нэг хүн дунджаар өдөрт 40-60 литр ус хэрэглэж болно гэсэн тооцоо бий. Гэтэл манайд гэр хороололд 10, орон сууцанд нэг хүн өдөрт 180 литр ус хэрэглэж байна. Энэ бол тоолуураар дундажлаад гаргаж байгаа. Тиймээс 180 литрээс илүү ус хэрэглэж байгаа хүмүүс ч байж болно. Зөв дадалд суралцахын тулд усанд орох, аяга тавгаа угаахдаа ус хуримтлуулахаас гадна өндөг чанасан усаараа цэцэг усалж болно. Энэ мэтчилэн хүн бүр усаа ариг гамтай ашиглах хэрэгтэй. Усыг хайрлаж хамгаалахгүй байна гэдэг ус үнэгүй байгаагийн шинж. Гадны улс орнуудад усны үнэлэмж өндөр байдаг. Тухайлбал, сард талондоо тааруулж чип уншуулдаг. Картан дахь хэрэглээ нь дуусахад шууд усыг нь хязгаарладаг үргүй хэрэглээгээ багасгадаг туршлага бий.
–Их хурлаар хэлэлцэж байгаа Ус бохирдуулсны төлбөрийн хууль шүүмжлэл дагуулж байна. Төлбөрийг хэрхэн тусгасан бэ?
– Ашиглаж байгаа бүхэн усыг бохирдуулдаг. Дэлхий нийтэд бохирдуулж байгаа хүн бүр төлбөр төлнө гэсэн зарчимтай. Харин манай улсын хувьд иргэдээс ус ашигласны төлбөр, ашиг олох зорилгоор ашиглаж байгаа бол ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Өнөөдөр орон сууцны иргэдийн төлж байгаа төлбөр бол 200 гаруй худагт ажиллаж буй хүмүүсийн үйлчилгээний хөлс. Харин байгалийн нөөцийн төлбөр төлдөг аж ахуйн нэгж байгууллагуудаас 40 гаруй тэрбум төгрөг төсөвт ордог.
Одоогийн Ус бохирдуулсны төлбөрийн хуульд усыг их,бага бохирдуулж байгаагаас хамаарч төлбөр төлөхөөр хуульчилсан. Мөн хаягдал усаа цэвэршүүлэх технологи нэвтрүүлвэл хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, усны нөөцийг хэмнэж, бохирдлыг бууруулахаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжих юм. Их мөнгө авахаас илүү усаа бага бохирдуулж, цэвэршүүлж эргүүлэн ашиглах юм бол төлбөрөөс чөлөөлнө гэсэн сэтгэхүйг бий болгох нь чухал. Уул уурхайн компаниуд усны эх үүсвэрээ өөрийн хөрөнгөөр илрүүлсэн ч гэсэн төлбөр төлнө. Нүүрс, алт угаасан усаа хаягдлын сандаа төвлөрүүлж цэвэршүүлж ашиглавал чөлөөлнө. Харин бохир усаа гол, хөрс рүү асгах юм бол өндөр төлбөртэй.
–Мянган сорилтын сангийн 350 сая ам.долларыг усны салбарт зарцуулахаар болсон. Хийх ажлууд тодорхой болсон уу?
-Мянганы сорилтын сангийн эхний төслийг төмөр зам, агаарын бохирдлыг бууруулах зэргээр олон салбарт хэрэгжүүлсэн. Энэ удаагийн буюу АНУ-ын татвар төлөгчдийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эдийн засгийн хөгжлийг сааруулж, хүмүүсийн амьжиргаанд хамгийн их нөлөөлж байгаа нэг л салбарт хэрэгжүүлье гэж судалсны дагуу усны салбарыг сонгосон. 3-4 жил судалсны эцэст Туул усан цогцолбор барихаар болсон ч 600 гаруй сая ам.доллар, 5-10 жил шаардагдах учраас больсон. Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт болон төсөл таван жилийн хугацаатай хэрэгждэг учраас татгалзсан. Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн ч Хятадын хөнгөлөлттэй зээлээр хийхээр шийдвэрлэсэн. Тиймээс хотын усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд газрын доорх усыг ашиглая. Ингэхдээ одоо байгаа долоон эх үүсвэрээс гадна Биокомбинат, Шувуун фабрик орчмын баруун эх үүсвэрийг ашиглахаар санал нэгдсэн. Газрын доорх усыг ашиглахын тулд 50 гаруй худаг гаргах зэрэг ажлыг төлөвлөсөн. Мөн төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг гүн цэвэршүүлж дулааны цахилгаан станцад нийлүүлэх юм. Дулааны цахилгаан станцууд хөргөлтөөр жилдээ 18-20 сая шоо метр ус ашигладаг. Үүний оронд гүн цэвэршүүлсэн усыг ашигласнаар 20 сая шоо метр усыг хүн амын унданд нөөцлөх боломж бүрдэнэ.
Гуравдугаарт, усны зөөлөн дэд бүтэц буюу усны засаглалыг бэхжүүлэхийн тулд үнийг зохицуулах, агентлаг байгуулахад зарцуулахаар төлөвлөж байна. Усны нөөцийн зөвлөлийн хурлаар баруун эх үүсвэрийг ашиглах ТЭЗҮ-ийг дэмжиж, үйл ажиллагааг эхлэхийн тулд нарийвчилсан хайгуул хийхээр болсон. Мөн Мянганы сорилтын сангаас хээрийн судалгааны загварын хоёр лицензийг бидэнд хүлээлгэж өгсөн. Үүний дагуу газрын гадаргын болон газар доорх усны харилцан хамаарлыг тогтоох, хэрхэн ашиглах зэрэг цогц мэдээллийг боловсруулах боломжтой боллоо.
С .Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин