Ээжийнх нь романтик бус байдал хүүхдэд нь удамшдаг болохыг эрдэмтэд тогтоожээ
"PloSOne" сэтгүүлд саяхан гарсан шинэ судалгаагаар ээж нь олон удаа гэрлэсэн эсвэл олон хүнтэй хамтран амьдарч байсан бол тэрхүү байдал нь хүүхдэд ч мөн удамшдаг нь тогтоожээ. Судлаачид АНУ дахь сүүлийн 24 жилийн мэдээлэл дээр үндэслэн уг дүгнэлтэд хүрсэн бөгөөд шалтгааныг нь эхээс урагт дамждаг генийн удамшилтай холбоотой хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл тэд гэр бүл салалтын шалтгааныг эдийн засаг болон нийгмийн хүчин зүйл гэхээсээ илүү, удамшлын гентэй холбоотой гэж үзжээ.
Учир нь тийм олон удаа гэрлэсэн эмэгтэй сэтгэлийн дарамттай, хувийн асуудалтай эсвэл сэтгэл хөдлөлөө сайн хянаж чаддаггүй зэрэг нь тогтвортой харилцаа бий болгоход саад учруулдаг байна. Харин эдгээр хувийн зан чанар нь хүүхдэд нь удамшсанаар хүүхэд нь ч мөн гэр бүлийн тогтворгүй харилцаатай болох магадлал өндөр болдог аж. Ийнхүү дээрх судалгаа нь бидний ээжээсээ өвлөн авсан зан чанар нь романтик харилцаанд нөлөөлдгийг илрүүлжээ. Жишээ нь, сэтгэл гутралд өртөмтгий хүмүүс харьцангуй тогтворгүй харилцаатай байдаг бол эсрэгээрээ нийтэч, нээлттэй зан араншинтай эмэгтэйчүүд тогтвортой харилцааг үүсгэдэг байна.
Судалгааны гол удирдагч Охайо мужийн их сургуулийн профессор Клэйр Камп Даш /Claire Kamp Dush/ “Харилцааны чадвар муутай, зөрчилдөөнийг зохицуулж чаддаггүй эсвэл бүр зарим тохиолдолд сэтгэцийн эмгэгтэй байдгаас болж зарим эмэгтэйчүүд олон хүнтэй салж, нийлж, тогтвортой харилцаа үүсгэж чаддаггүй. Харин удамшлын механизм нь эхийн дээрх зан чанаруудыг хүүхдэд өвлүүлж, тэднийг ч мөн хайр сэтгэлийн тогтворгүй харилцаатай болоход нөлөөлдөг” гэж хэлжээ.
Гэр бүл салалтын талаарх урьд урьдны судалгаагаар үүний шалтгааныг салсан гэр бүлд өссөн хүүхдүүд гэрлэлтийн тал дээр өөрийгөө хорьдог буюу өөрөөр хэлбэл хүүхэд насных нь сэтгэлийн шархтай холбон тайлбарлаж байжээ. Харин энэхүү шинэ судалгаа нь дээр дурдсанчлан удамшилтай холбон тайлбарласнаараа онцлог юм байна.