Та "ForDays" компанид хуучин хувцсаа өгч оронд нь шинэ хувцас авах боломжтой
Дахин боловсруулалт хийдэг хувцасны старт-ап компани болох "For Days" саяхан шинэ төслөөрөө 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгожээ. Уг компани хэрэглэгчдийнхээ хуучин футболкыг шуудангаар эргүүлэн татаж, хариуд нь шинэ футболк санал болгох зарчмаар ажилладаг аж. Түүнчлэн хөтөлбөр гурваас зургаан сар тутамд хэрэгждэг ба энэ үеэр хэрэглэгчид тус компаниас худалдан авсан бараагаа дээр дурдсанчлан шуудангаар буцаан илгээж, сайт дээр зураг нь тавигдсан аль ч бараанаас сольж авах боломжийг олгодог байна.
"ForDays" компани энэ хөтөлбөрөө анх 2018 оны тавдугаар сард зарлан, есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус компани футболкоо АНУ-ын Лос Анжелес хот дахь үйлдвэрийн органик хөвөнгөөр хийдэг ба үйлчлүүлэгчдээ жилийн гишүүнчлэлийн програмд бүртгэж, нэг футболкыг 38 доллар, 3-ыг 108 доллар, 6-г 210 доллар, 10-ыг 340 доллараар борлуулдаг байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь нэхмэл бүтээгдэхүүний хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн юм. Тиймээс тус компани хог хаягдлыг бууруулахын тулд үйлдвэрлэлээ өргөтгөж, дахин боловсруулах программыг ашиглах болжээ. Учир нь байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр АНУ-д жил бүр дунджаар 15 сая тонн нэхмэл хог хаягдал гардаг байна.
Харин "ForDays" компанийн хувьд цамцыг дахин боловсруулахдаа зөөлөн эд болгон хувааж, шинэ органик утсаар сольж, 70/30 хольцтой болгон дахин боловсруулалт хийдэг байна. Одоогоор хөтөлбөрт хамрагддаг тусгай үйлчлүүлэгчдийн тоо тогтоогдоогүй ч, сар бүр хоёр оронтой тоогоор нэмэгдэж байгаа гэнэ. Түүнчлэн энэ үйлчилгээнийхээ үр шимээр тус компани 0.6 сая тонн хувцасыг хог хаягдал болохоос сэргийлж, дахин боловсруулалт хийжээ.
Өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд олон компаниуд хувцасны загвар, материал зэрэг дээр шинэ санаа гаргахыг эрмэлзэж байна. Харин энэ хоёрыг амжилттай хослуулсан цөөн компани байдгийн нэг нь "ForDays" компани юм. Тус компани 2019 онд Хауторне хотод өөрийн шинэ үйлдвэрээ нээж, сэргээгдэх эрчим хүч, усны нөхөн сэргээлтийн хөтөлбөр, хаягдалгүй үйлдвэрлэл зэргийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.