Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны “Бухарест-2018” ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр, Бухарестын дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм. Энэ хүрэл медаль нь “Бухарест-2018” ДАШТ-ээс манай баг тамирчдын анхны медаль болж байна.
Тус тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд 57 кг-д хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр үдээс өмнө эзэн орны Дениса Юлиана Фодор, Украины Алина Акобианыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан юм.
Мөн өнөөдөр 53 кг-д “Женко” клубын тамирчин Б.Болортуяа, 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 72 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин П.Номин-Эрдэнэ нар дагаж барилдахаар боллоо.