Сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн этгээдүүдийг цаазаар авахаар болжээ
Саудын Арабын Прокурорын газар өнгөрөгч сард Туркийн Инстанбул хотноо бусдад хорлогдсон сэтгүүлч Жамал Хашоггийн талаар мэдэгдэл хийж, түүнийг хөнөөсөн этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, шийтгэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.
Сэтгүүлчийг Инстанбул хотын Саудын Арабын Консулын газарт очих үед бүлэг этгээд санаатайгаар хөнөөсөн хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдсэн юм. Түүнчлэн уг санаатай аллагыг таван этгээд үйлдсэн ба тэднийг ялын дээд хэмжээ буюу цаазаар авахаар шийдвэрлэсэн гэж албаныхан мэдээллээ.
Мөн сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан нийт 11 этгээдийг баривчилжээ. Цаазын ял сонссон этгээдүүд бол аллага үйлдэх захиалга өгсөн, сэтгүүлчийг хөнөөхөд гар бие оролцсон этгээдүүд гэнэ.
Сэтгүүлчийг амиа алдсаны дараа мөчлөн хувааж, дараа нь химийн тусгай уусмалд уусгасан гэж Туркийн тал мэдэгдээд буй юм. Гэхдээ уг мэдээллийг Саудын Араб батлаагүй байна.