Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин 800 мянган төгрөгийн цалинтай болов
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар өнөөдөр үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчдыг тогтмол цалинтай болгохоор шийдвэрлэснээ дуулгажээ.
Шигшээ багийн тоглогчид сард 800 мянган төгрөгийн цалинг жилийн турш авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж байхаас гадна тэмцээн уралдаанд амжилттай оролцвол нэмэгдэл урамшуулал авч байхыг нэмж онцлов.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. МХБХ боломжтой бүхнээр тусална.” гээд Хонконгтой хийх тоглолтод нь амжилт хүслээ.
Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох юм. Гадаад дотоодын туршлагатай дасгалжуулагчдыг шигшээ багт ажиллуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилт, тоглолт хийх боломжоор нь хангаж, тогтмол цалинжуулахад манай шигшээ багийн ур чадвар, амжилт өсөхөд том тус дэм болох юм.