Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж өчигдөр шийдвэр гаргасан. Түүнийг огцруулахыг дэмжиж буй эсэхээр хоёр удаа санал хураасан юм. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн. Харин хоёр дахь санал хураалтаар гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Үүнээc нэг санал нь хүчингүйд тооцогдож, МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг огцруулсан юм. Харин дараагийн олон нийтийн анхаарлыг татаж байгаа хамгийн том асуудал бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу гэдэг асуудал. УИХ дахь МАН-ын бүлэг бүлгийн даргадаа хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэнээс хойш УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан талаар бичсэн байна.
Өчигдөр Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа огцорсоныхоо дараагаар Засгийн Газрыг огцруулах ажилдаа шуурхайлан орно хэмээн хэлсэн билээ.