МАН: М.Энхболд, С.Батболд, Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох байсан ч ирц бүрдсэнгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа 09.30 цагт товлосон билээ. Гэсэн ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар бүлгийн хуралдааныг хойшлууллаа. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2018.11.12/ хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан юм.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлсэн билээ. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэх ёстой байсан ч ирц бүрдсэнгүй.