МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргажээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон хэл ам намжихгүй байна. Энэ асуудалд Засгийн газар, УИХ, МАН-ын Удирдах зөвлөл, намын төвшинд бодитой нэг ч алхам хийхгүй байна” хэмээн мэдэгдэл хийгээд байсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн оруулсан бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах саналыг 16 гишүүн дэмжиж, 12 гишүүн татгалзжээ.
МАН-ын дараг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд уг асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд С.Батболдыг огцруулах тухай албан бичгээ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсанаад хүргүүлээд байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 15 хоногийн дотор хэлэлцэн санал хураалт явуулж, хариу өгөх журамтай юм.