Хажуу хань...
Хажуу хань гэдэг хүнд хамгийн үнэнч шадар туслагч халамжлан хүмүүжүүлэгч Бурханаас өгөгдсөн бэлэг төдийгүй таны амны хишиг хажуу ханийн заяан дээр тогтож хувьцаат компаниар бол таны амжилт ололт амьдралын хамгийн сайн сайхан бүхний 51-ээс дээш хувь нь хажуу ханьд чинь харьяалагдаж байдгийг ухааралгүй Английн Ерөнхий сайд Уйнстон Черчилль шиг муйхарлаж явдаг бол харамсалтай.
Нэгэн удаа Лондонгийн гудамжаар Черчилль авгайтайгаа салхилж явтал гудамжны цэвэрлэгч эр ойртон ирээд тэдэнтэй ярихыг завдах зуур Черчилль хээнцэр язгууртан зангаар Энэ надтай юу л ярих болдоо хэмээн ихэмсэг бардам бодон зогстол Уучлаарай тантай биш таны эхнэртэй чинь тав арван үг сольж болох уу хэмээн авгайтай нь ярилцаад явсны дараа Черчилль авгайгаасаа Энэ юун хүн вэ хэмээн хардангуй байдлаар харахад Аа манай арван жилийн дунд сургуульд байхдаа надад ухаангүй дурлаж байсан залуу л байна гээд хээвнэг гөвөхөд Черчиллийн уушиг зүрх нь бүүр дэлбэрэх шахан Харж байгаа биз, чи ийм амьтантай суусан бол өдийд хог цэвэрлэгчийн эхнэр болоод л явах байсийм хэмээн хашгирахад Уучлаарай Уйнстон минь хэрвээ тэгсэн бол чи биш харин саяын энэ хог шүүрдэгч залуу Английн Ерөнхий сайд болох байсийм гээд амыг нь тагласан алдарт болсон явдлыг та сонссон бизээ /зураг дээр/.
Билл Клинтон ч Намбарын Энхбаяр ч ерөнхийлөгч болоход олон хүмүүс авгай нарынх нь амны хишигтэйг атаархан шагширдаг ч үнэн хэрэгтээ төрийн тэргүүн болгосон хажуу ханийнх нь харагддаггүй тэрхүү хүч чадал удам судар хувь заяагаар гарч ирсэн нөхрүүдийнх нь амны хишигтэйн асуудал л энд яригдах ёстой юм л даа. Харин эр нөхрөө элдэв хэл аманд орооцолдоход хүлцэнгүй тэвчээртэйгээр уучилсан төдийгүй саяхан Трамптай ана мана үзэлцэн Америкийн ерөнхийлөгч болчих дөхсөн нь Хиллари Клинтон авгайн амны хишиг дутсаных биш харин цагтаа айлын авгай хүүхэн татаж чангааснаараа хажуу ханийгаа амжилтын оргил ерөнхийлөгчийн суудлаас бас хойш нь чангаасан Билл Клинтоны заяа нь дутсан асуудал л энд яригдах байх.
Төрийн ч өрхийн ч тэргүүнүүдийн сүр жавхаа цэвэр цэмцгэр хувцас хунарыг хүмүүс өнгөцхөн хараад алмайран шагшраад байхаас биш үүний цаана үс гэзэг өммсөн зүүсэн өмд цамцны индүүдлэгээс эхлээд ар гэрт дэх хажуу ханийнх нь асар их хүч хөдөлмөр хичээл зүтгэл нуугдаж байдгийг хүмүүс бас л тэр бүр анзаардаггүй. Аян замдаа сайн яваад ажил төрлөө амжилттай гүйцээгээд ганзага дүүрэн олз омогтой ирэх нь эрчүүд бидний эрийн сайндаа ч биш харин энэхүү байхгүй хугацаанд ар гэрийн баттай түшиг болсон хажуу ханийн хараа сунган харуулдаж өдөр шөнөгүй чаддаг мэддэг итгэдэг юмандаа сүсэглэн залбирч цай сүү сэтгэлийнхээ ариун дээжийг өргөн дээлийн захыг тань мушгиж байдаг хажуу ханийн ариун цагаан бие сэтгэлийн үр жимс юм. Тиймээс төрийн ч бай өрхийн ч бай тэргүүнүүд хажуу ханийнхаа харагддаггүй тэрхүү нууцыг ухаарч амны хишгээ алган дээрээ бөмбөрүүлж тэднийгээ хайрлаж хамгаалж халамжилж буян заяаг нь хүртэх нь хүмүүн бидний амьдралын нэг утга учир, ухаарал гэмшил гэгээрлийн бас нэг хэлбэр мөн билээ.
Хажуу хань...
Сульхирийн шүүрээр хоймороо цэвэрлэх эзэгтэй
Суу цэцэн ухаанаар сэтгэлээ шүүрдэх хатагтай
Сургаалт мэргэн үгсээр хүүгээ номлох ижий
Сүүн цагаан хайраар хадмаа бялхаах гэргий
Эрлийн хүмүүс ирлээ ч идээ будаа нь өрөөстэй
Эхнэр бэр буулгаа ч дээлийн торгууд хуйлаастай
Айлын хүүд атгуулах чихрийн хүүдүй нь дүүрээстэй
Аяны хүмүүст илүүчлэх сүүний савнууд мэлтээстэй
Дэгжин хөөрхөн царайг нь нутгийн харцуул шагширлаа ч
Дээл хотны хормой нь дэрвэнэ ч гэж үгүй ээ
Дэнжийн гэрийн цэмцгэрийг нь нугын самгачуул сайрхлаа ч
Дэмий сул үг унагана ч гэж үгүй ээ
Алсад одсон нөхрөө сар жилээр хүлээх ч
Ариун сэтгэлийн дээжээ цаг нараар ч өргөн
Хурган доторт дээлэнд нь торгон гадар эмжиж
Хоргой хантааз шаглан ээтэн гутлыг нь ширлэнэ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт