Ангараг гариг руу илгээж байсан сансрын хөлгүүдийн нээлт
Дэлхийтэй шинж чанараараа хамгийн төстэй, амьдрал оршин тогтнох боломжтой гариг гэдгээрээ Ангараг буюу Улаан нүдэн гариг бидэнд танигдсан. Хэрвээ дэлхий сүйрэх болвол Ангараг гариг руу хүмүүсийг зөөнө гэх яриа ч гарч байсан билээ. Тэгвэл энэхүү гаригийг хэзээ ямар сансрын хөлөг илгээн, судалж байсан талаар түүхэн баримтыг хүргэе.
1 Маринэр 3,4
НАСА агентлаг хэд хэдэн удаа Ангараг руу сансрын хөлөг илгээж байжээ. Эхэн үедээ Маринэр 3 болон Маринэр 4 гэх хоёр сансрын хөлгийг цуг хөөргөсөн байна. Учир нь хэрэв нэг нь бүтэлгүйтвэл нөгөө нь амжилттай болно гэсэн бодлогын үндсэн дээр ийнхүү илгээжээ.
Маринэ 4-ийг 1965 онд Ангараг гариг руу хөөргөсөн бөгөөд тус гаригийн дүрсийг ойроос авсан анхны сансрын хөлөг болжээ. Харин түүнтэй хамт илгээсэн Маринэ 3 хөлөг нь хөөргөх үеэр сүйрсэн байна.
2 Маринэр 6,7
Үүнээс 4 жилийн дараа Маринэ 6 болон 7 сансрын хөлгүүдийг хэдэн өдрийн зайтай хөөргөсөн байна. Үүнээс Маринэ 7 хөлөг нь анх удаа Ангараг гаригийн хоёр дагуулын нэг болох Фобосын зургийг авсанаар амжилттай ажиллажээ. Энэ мэт Ангараг гаригийг судлах оролдлогууд амжилттай болж байсан ч дээрх хөлгүүд бүгд богино хугацааных байсан.
Харин илүү дэлгэрэнгүй ойлголттой болохын тулд удаан хугацааны ажиглалт хийх шаардлагатай болжээ. Учир нь зөвхөн урт хугацааны ажиглалтын үр дүнд л тус гаригийн улирлын өөрчлөлт, агаар мандлын нарийн хэмжилт, соронзон орон болон гадаргын онцлог зэрэг нарийн зүйлсийг судлах боломж бүрдэх байв.
Мартинэр 9-ийн авсан Олимп уулын зураг
3 Маринэр 8,9
Богино хугацааны хөөрөлт биш, гаригийг удаан хугацаанд тойрон эргэх боломжийг бүрдүүлэхийн тулд илүү их түлш болон хүчирхэг хөдөлгүүрийн систем шаардагдсан байна. Тиймээс НАСА-гийнхан Маринэр 8, 9 сансрын хөлгүүддээ багаж хэрэгсэл нэмэн улам боловсронгуй болгожээ. Тиймээс Маринэр 8,9 хөлгүүдийн тус тусын жин Маринэр 6,7 хөлгүүдийг нийлүүлснээс илүү хүнд болсон байна.
Маринэр 8 хөлөг- Тус хөлөг 1971 оны тавдугаар сарын 9-нд Флоридагаас эхлэн ердөө зургаан минут хөөрөх ёстой байв. Гэвч харамсалтай нь дээд шатны гол хөдөлгүүрийн асуудлаас болж Атлантын далай дээгүүр хөвөн, Пуэрто Рикогоос хойш 560 километрийн зайд усанд унажээ.
Маринэр 9- Маринэр 9 бол Улаан нүдэн гаригийн талаарх хамгийн дэлгэрэнгүй мөн ач холбогдолтой мэдээллүүдийг цуглуулж чадсан хөлөг юм. Тухайлбал, Ангараг гаригийн талаарх хүн төрөлхтний төсөөлөл хүйтэн, цэвдэг, солирын тогоогоор дүүрэн гариг гэдгээс хэтрэхгүй байжээ. Харин тэрхүү сансрын хөлгийн авсан дүрсүүдээс тус гаригт геологийн үйл явц тогтмол явагдаж байсан, мөн нэгэн цагт усны нөөцтэй байсаныг илрүүлээд зогсохгүй, тус гаригийн төдийгүй нарны аймгийн хамгийн том уул болох Олимп уул зэргийг илрүүлжээ. Үүнийн дэлгэрүүлэн авч үзвэл,
Маринэр 8-ын ослын дараа буюу 1971 оны тавдугаар сарын 30-нд, НАСА Атлас-Сенатра пуужин дээр Маринэ 9 сансрын хөлөг хөөргөхөөр шийджээ. Сансарт 167 хоног ниссэний дараа буюу 1971 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Маринэр 9 хөлөг Ангараг гаригт хүрсэн байна.
Сансарт аливаа зүйлс төлөвлөгөөний дагуу явагдах тун цөөн байдаг аж. Тухайлбал, Маринэр 9 хөлөг Ангараг гаригийн зургийг авахад бэлэн байсан ч, тус гаригт шороон шуурга дэгдсэн нь саад учруулжээ. Гэвч энэ нь өөрөө шинэ нээлт болж чадсан байна.
Учир нь одон орон судлаачид Улаан нүдэн гариг дээр шуурга дэгддэг гэж таамаглаж байсан ч, анх удаа сансрын хөлөгийн авсан дүрсээр, бодитоор харжээ. Гариг даяар дэгдсэн шуурга, тоос шороо нь долоо хоногийн дотор арилахад Ангараг гаригийн харагдах байдал тэр чигтээ өөрчлөгдөж, тод, томруунаар харагдаж эхэлсэн байна.
Ингэснээр өмнө нь тус гариг дээр байсан гол горхины ул мөр, солирын тогоо, их хэмжээний унтарсан галт уул, хавцал, мөсөн туйл, элэгдсэн чулуулаг, өглөөний манан гээд дэлхийтэй маш адилхан дүр зургууд олноор харагджээ. Тийм ч учраас Наса Маринэр 9 хөлөгийн тухай мэдээллэхдээ “Ангараг гариг дээр ус байсан ул мөрийг олсон нь тэнд амьдрал оршин тогтнох боломжтой гэх найдлагыг улам нэмэгдүүлсэн” гэжээ. Маринэр 9 сансрын хөлөг нь Ангараг гаригийн 7329 зураг авсан нь, жил хүрэхгүй хугацаанд тус гаригийн гадаргуугийн 80 хувийг дүрсэлж чадсан байна.
Ангараг гаригийн тухай урьд урьдны хөлгүүдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч чадсан Маринэр 9 хөлгийг 1972 оны аравдугаар сарын 27-нд НАСА эргүүлэн татжээ.