"Норовбанзад" сан Ленфильм студитэй хамтран Халх голын дайны тухай кино бүтээнэ
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол- Оросын найрамдлын 59 дэх сар, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цуврал арга хэмжээ “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр өндөрлөлөө.
Өнгөрөгч 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилсэн Монгол- Оросын найрамдлын 59 дэх сарын хүрээнд ОХУ-ын Гайдарын сантай хамтран “Монгол, ОХУ-ын шинэчлэл өөрчлөлтийн үйл явц” сэдэвт хэлэлцүүлэг, ОХУ-ын Дорно дахины судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн хүрээнд Монгол судлалын салбар хуралдаан, Москва хотод суралцаж буй оюутан залуусын дунд Элчин сайдын нэрэмжит сагсны цомын тэмцээн, Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн, залуу монголч эрдэмтэн, судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний уулзалт, Нүүдэлчин соёлын музейн аялал зэрэг улс төр, эрдэм шинжилгээ, түүх, соёл, спортын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан юм. Түүнчлэн Найрамдлын сарын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын ахмад дипломатч В.В.Кулаков, А.Д.Богословский нарыг “Алтангадас” одонгоор шагнасныг Москва дахь ЭСЯ-нд гардуулсан билээ.
Энэ сарын 5-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олон уламжлал ёсоор Москва хотын Ялалтын парк дахь “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн .
Мөн үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа “Монгол- Оросын Найрамдлын сарын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байна. Найрамдлын 59 дэх сар амжилттай өндөрлөж уламжлал ёсоор Оросын ард түмний хүндэтгэн дээдэлдэг Ялалтын паркд сүндэрлэн буй “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хөшөөг Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулан дайны хүнд хэцүү цаг үеийг хамт туулсан монголын ард түмнээс оросын ард түмэнд дурсгасан билээ. 97 жилийн түүхэнд манай хоёр орны харилцаанд сэв суусан удаа байсангүй. Энэ сайхан нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг үе үеийн Элчин сайд, ЭСЯ-ны хамт олон хайрлаж, хүндэтгэж яваасай гэж хүсч байна” хэмээсэн юм.
2019 онд Монгол, ОХУ-ын хувьд бас нэгэн чухал тэмдэглэлт ой тохиох нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ой билээ. Энэ хүрээнд маршал Жуковын Гэгээн дурсгалыг хүндэтгэх сантай хамтран Халх голын дайны тухай үзэсгэлэн гаргах, 1940-д онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн хуучны машины парад зэрэг олон сонирхолтой арга хэмжээг Москва хотод зохион байгуулахаар ажиллаж буйг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцолсон юм. Түүнчлэн “Норовбанзад” сан, ОХУ-ын хамгийн анхны төрийн өмчит Ленфильм киностудитэй хамтран Халх голын дайны тухай кино бүтээхээр болжээ.
Энэ тухай тэрбээр ярихдаа “Бидний хувьд Халх голын дайн тусгаар тогтнолоо хадгалсан түүхэн үйл явдал. Халх голынх шиг сүр хүчтэй агаарын тулаан дэлхийн дайны түүхэнд байдаггүй юм билээ. Бараг 1000 орчим онгоц оролцсон гэдэг. Халх голын дайнд Оросын тал, Японы ч тал хамгийн шилдэг техник хэрэгслээ туршсан. Монголын арми, Улаан арми хамтын хүчээр ялалт байгуулснаар Дэлхийн II дайны зургийг өөрчилсөн гэж үздэг" гэв.