УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж, дэмжлээ.
Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдыг чөлөөлөх тогтоолыг өчигдөр буюу энэ сарын 05-нд УИХ-ын даргад өргөн барьсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 60 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.