"Антарктидыг ганцаараа туулсан анхны хүн" болохоор аялалд гарсан эр хаана яваа вэ?
Хүн төрөлхтний түүхэнд нэг ч хүн Антарктидаар ганцаараа амжилттай аялж байгаагүй бөгөөд тийм оролдлого хийсэн хүмүүсийн зарим нь шантарч, зарим нь амиа алдаж байжээ. Үүнийг Америкийн судлаач "Businessinsider"-т өгсөн ярилцлагадаа “Сүүлийн 100 жилийн хугацаанд Антарктидаар ганцаараа амжилттай аялсан хүн нэг ч байхгүй” хэмээн батлан хэлсэн байна.
Харин 33 настай Колин О.Брэди (Colin O'Brady) гэх эр Антарктидад 1000 гаруй милийг(1600 гаруй км) хэний ч тусламж, дэмжлэггүйгээр ганцаараа туулсан анхны хүн болохоор зорьж байгаа аж. Тэрээр “Үхэлтэй тэмцэх” 70 хоногийн аялалдаа ашиглахаар нүүрний салхины хамгаалалт дээрээ ноос оён дулаалж, шим тэжээлтэй хоол хүнс болон бусад хэрэгтэй бүх зүйлсээ бэлдэхэд ачаа нь нийт 400 фунт (181 кг) орчим болсон байна.
Тэрээр хүнд хэцүү аяллын замд дэмий ачаа авч явахгүйн тулд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ л бэлдсэн нь ийм жинтэй болсон аж. Тухайлбал 220 фунт(100 кг) хоол хүнс бэлдсэн бол ганцхан дотуур хувцас авч явахаар бэлтгэжээ. Мөн өмнөх аялагчдын алдааг давтахгүйн тулд бүх зүйлийг нарийн төлөвлөсөн байна.
Колин О.Брэди нь тийрэлтэт онгоцонд сууж Антарктид дахь Россын тэнгисийн мөсөн дээр бууснаар аяллаа эхлүүлжээ. Тэндээс 70 өдрийн дотор 1000 милийг туулж, Ведаллийн тэнгисийн ойролцоох Роннийн мөсөн эрэг дээр аяллаа дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ өдөрт дунджаар 14 миллийг(22км) туулж, шөнөдөө майхан, мишокондоо хүйтнээс хорогдож хонох бөгөөд ямар нэг эрсдэлтэй тулгарвал холбоо барих тусгай утастай яваа юм.
Тэрээр өмнө нь Антарктидаар ганцаараа амжилттай аялж чадаагүй хүмүүсийн гол алдаа нь хоол хүнсээ буруу сонгосноос болсон гэж үзжээ.
Тухайлбал хүйтэнд цагаан хоол биш бор буюу махан хоол тохиромжтой (энерги үүсгэн биеийг дулааныг хангадаг) тул энэ төрлийн хоол хүнсийг хатааж, хөлдөөж авч явах нь хамгийн үр дүнтэй юм. Түүнийгээ газан плиткан дээр ус буцалган гэсгээж идэх аж. Тиймээс хүнсний зүйлсийг түлхүү авч, ачааных нь дийлэнх нь хоол хүнс болсон байна. Түүнчлэн О.Брэди өдөрт хүнснээсээ 8000 калори авах ба түүнийгээ 10-12 цаг чарга чирэхэд зарцуулна гэж тооцсон байна. Харин солих хувцасны хувьд зөвхөн солих оймс л авч явжээ. Бусад бүх хувцсаа өмнөд давхарлан өмссөн гэнэ.
О. Брэди “Би 400 фунт жинтэй чарга чирэх тул гүйж чадахгүй удаан алхах хэрэгтэй болно. Үүний дээр хасах 28-40 хэмийн хүйтэнд хөдөлнө гэдэг маш их хүчин чармайлт шаардана” гэжээ. Тиймээс тэрээр аялалд гарахын өмнө юун түрүүнд дасгал хийж биеэ чангалахад гол анхаарлаа хандуулсан байна.
Үүний хажуугаар цор ганцаараа, хүйтэнд, урт аялалд гарах тул сэтгэл санаагаа ч мөн сайтар бэлдэх шаардлагатай болж, үүнд бүтэн жилийг зарцуулсан байна. Жишээ нь, түүний хийдэг дасгалуудын нэг нь 10 өдрийн турш хэнтэй ч ярихгүй, хэнийг ч сонсохгүй мөн юу ч уншихгүй цагийг ганцаараа өнгөрүүлэх байв.
Гэвч аяллын үеэр хүнтэй амьд харилцаа биш ч дам харилцаа үүсгэх боломжтой. Тухайлбал, аяллынхаа явцад өөрт нь ямар байгаа талаар инстаграм, твиттер хуудсандаа оруулж, хүмүүсийн асуултад хариулах юм байна. Мөн эхнэртэйгээ тогтмол ярьж байхаар төлөвлөжээ. Гэвч энэ нь бид өдөр тутамдаа утас ашигладаг шиг хямдхан биш, харин маш үнэтэй байх учир бас нэгэн хүндрэл болж байгаа аж.
Мөн тэрээр солих хувцас ч үгүй, 70 хоногийн аяллаас буцаж ирэхэд нь, эхнэр нь түүнийг тэврэх эсэхэд эргэлзэж байгаа хэмээн хошигносон байна.
Би үүнийг үнэхээр эрсдэлтэй гэдгийг мэдэж байна мөн айж байна. Гэхдээ үхэхийн тулд биш харин үүнийг аюулгүй шийдвэр байсан гэдгийг батлахын тулд би энэ бүхний ард гарч чадна.
О.Брэди
Харин өнгөрсөн пүрэв гаригт тэрээр Антарктикийн цагаан, хүйтэн “хөрсөн” дээр бууж, анхны мэдэгдлээ твиттер хуудсандаа оруулжээ. Тэрээр луужингаа цээжиндээ зүүж, чаргаа чирэн, бүх зүйлс төлөвлөгөөний дагуу, зөв чиглэлд явж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Түүний аяллын явцыг мэдэхийг хүсвэл доорх сошиал хаягуудаар нь зочлоорой.