Италид үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
Итали даяар өнгөрсөн долоо хоногийн турш дэгдсэн шуурганы улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 17 хүрсэн тухай тус улсын Иргэний хамгаалалтын агентлагаас албан ёсоор мэдээлэв.
Италийн ихэнх нутгаар хүчтэй салхи дэгдэж, аадар бороо орсон бөгөөд Венец хотод сүүлийн арван жилд тохиогоогүй үерийн гамшиг нүүрлэжээ.
Хойд нутгийн Венето бүс нутагт гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээ нэг тэрбум гаруй еврод хүрсэн бөгөөд хөрсний гулгалтын улмаас хэд хэдэн суурингийн цахилгаан хангамж тасалдаад байна.
Байгалийн гамшигт үзэгдэл мөн олон мянган хавтгай дөрвөлжин метр талбайн ой модыг сүйдэхэд хүргэсэн бөгөөд салхины хурд 190 км/цагт хүрчээ.
Венето бүс нутгийн зөвлөлийн ерөнхийлөгч Роберто Чьямбеттийн телевизийн “CNN” сувагт өгсөн ярилцлагад тэмдэглэснээр, хүчтэй салхи дэгдсэний улмаас 300 мянга гаруй мод үндсээрээ булгарсан аж.