Хөдөлмөрийн хуваарийн нарийсал нь хөдөлмөрийн бүтээмжийг асар нэмэгдүүлдэг
Хүн төрөлхтөн орчин үеийн капитализмд шилжихэд хөдөлмөрийн хуваарийн нарийсал чухал хүчин зүйлүүдийн нэг байв. Учир нь үйлдвэрүүдэд нэг хүн олон ажил зэрэг хийх биш харин нэг л ажлыг гардан гүйцэтгэх болсноор хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилжээ. Үүнийг батлах жишээг, Адам Смит “Үндэстнүүдийн баялаг” номондоо дурьдсан байдаг. Түүний үзсэнээр сүлбээр зүүний үйлдвэрлэл хэдийгээр үйлдвэрлэлийн тун бага ач холбогдолтой боловч хөдөлмөрийн хуваарийн төгс жишээ болж чаддаг байна.
Учир нь сүлбээр зүүний үйлдвэрт нэг ажилчин нь төмөр утас цувьж, нөгөө нь тэгшилж, гуравдахь нь тасалж, дөрөвдэх нь үзүүрлэж, тавьдахь нь толгой суулгах талыг зүлгэх бөгөөд, толгой хийх ажил нь өөрөө хоёроос гурван бие даасан ажилбар шаардана. Тухайлбал, толгой суулгах, зүүг өнгөлөх тэр байтугай бэлэн болсон зүүг савлах нь хүртэл бие даасан, тусдаа ажилд тооцогддог байна.
Ингэж хүн бүрийг ганцхан төрлийн үйлдэл хийлгэснээр, ажилчид яваандаа өөрийнхөө ажилд дадаж, тэрхүү ганц үйлдлээ асар богино хугацаанд хийх чадвартай болсноор хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилдэг аж. Жишээ нь, сүлбээр зүүний 10 ажилчинтай үйлдвэр дээрх байдлаар хөдөлмөрийн хуваариа нарийсгаснаар өдөрт 48000 зүү гаргаж байжээ. Адам Смит “Хэрвээ тэд тодорхой үйлдлүүдээр мэргэшилгүй, бие даан нэг нэгээрээ ажиллаж байсан бол хэн нь ч өдөрт хорийг, магадгүй нэгийг ч хийж чадахгүй байсан биз” хэмээн онцолжээ.
Тиймээс энэхүү ажлыг бие даасан мэргэжлийн түвшинд биш харин дотор нь хэд хэдэн тусгай ажилбар бүхий мэргэшилд хувааснаар хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгдсэн байна. Үүнээс аливаа бизнес эрхлэгч, тэр дундаа үйлдвэрлэлийн эзэд тоног төхөөрөмж, хүн хүчин дээр “гар татахгүй” байж, хөдөлмөрийн хуваарийг нарийсгаж чадвал илүү их ашиг орлого олж, үр бүтээмжтэй ажиллах боломжтой гэдэг нь харагдаж байна.
Үйлдвэрийн хөгжлийн түвшин өндөр орнуудад дээрх зааг, ялгаа улам ч их ажиглагддаг байна. Жишээ нь, буурай орнуудад нэг хүний хийдэг ажлыг, өндөр хөгжилтэй орнуудад хэд хэдэн хүн хийдэг. Бидний урд хөрш Хятад улс ч мөн хөдөлмөрийн хуваарийн зохион байгуулалт сайтай.
Манай улсаас БНХАУ-ын Бээжин хотод очиж барилгын ажил хийгээд ирсэн хүмүүс “Тэнд нэг хүн нэг л ажлыг хийх юм. Бид нар өөрсдийн ажлыг хийчихээд, өөр хүмүүсийн ажилд туслахаар очиход өөрс өөрсдийнхөө л ажлыг хий гэдэг” хэмээн ярьж байсан нь ч үүний баталгаа мөн. Манай улсын хувьд хөдөлмөрийн хуваарийн нарийсал муу, үүний дээр бидний уламжлалт мал аж ахуйд хөдөлмөрийн хуваарийг нарийсгах нь тохиромжгүй тул нэг хүн олон ажлыг хийгээд сурчихсан байдаг.
Ийм байдлаар ажиллаж сурсан монголчууд гадны барилгын эсвэл үйлдвэрлэлийн ажилд очихоороо өөр өөр ажил руу “үсчих” гээд байдаг нь ажиглагддаг. Харин хэрхэн үр бүтээмжтэй ажиллах вэ гэдгийг мэддэг гадны хөгжилтэй улс орнууд, манайхны энэ занг ажилсаг гэж хүлээж авдаггүй, харин ч эсрэгээр өөрийнхөө л ажлыг хий гэж буруушаадаг байна. Тиймээс Монголчууд бид их ажиллах биш, харин зөв арга барилаар, үр бүтээлтэй ажиллаж сурвал ажлын бүтээмж эрс нэмэгдэх боломжтой.
Энэхүү хөдөлмөрийн хуваарийн нарийсал нь зөвхөн үйлдвэрлэл дээр ч биш өөр олон зүйлс дээр практик ач холбогдолтой. Жишээ нь, ямар ч мэргэжлээр сурч буй оюутан тухайн мэргэжил дотроо ямар чиглэлээр мэргэшихээ сонгох нь сайн мэргэжилтэн болох эх үндэс юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс ерөнхий зүйлийг биш, нарийн, тодорхой зүйлсийг гүнд нь ортол судалснаар үр бүтээмжээ дээшлүүлж, амжилтад хүрдэг байна.