Дэлхийн нийт онгон байгалийн 70 хувийг таван улс дангаараа бүрдүүлдэг
Квинсландын Их Сургууль (UQ) болон Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) -ийн судлаачид анх удаа хүний гарт хөндөгдөөгүй, онгон байгаль аль улсын нутаг дэвсгэрт түлхүү байгааг судлан, газрын зураг боловсруулжээ.
Судалгаагаар дэлхийн нийт онгон байгалийн 70 хувийг Австрали, АНУ, Бразил, Орос, Канад гэсэн таван улс дангаараа бүрдүүлж буйг тогтоосон байна. Гэвч судалгаанд Антрактидын онгон байгаль болон аливаа улс орны хилд багтдаггүй далай тэнгисүүдийг хамруулаагүй аж.
Шинжээчдийн баг анх 2016 онд хүний нөлөө, үйл ажиллагаанд өртөөгүй хуурай газрыг судлан, мэдээлэл боловсруулсан бол энэ онд далай тэнгисийг судлан, мэдээлэл боловсруулжээ. Судалгаагаар эх газрын 77% нь, Антарктидыг эс тооцвол далай тэнгисийн 87% нь хүний нөлөөтэйгөөр өөрчлөгдсөнийг тогтоосон байна.
Судалгааны багийн ахлагч Жэймс Ватсон “Бид хоёр жилийн өмнө дэлхийн хуурай газар дээрх зэрлэг байгалийн анхны судалгааг хийсэн. Харин энэ удаа дэлхийн ямар улсууд тэрхүү онгон байгалийг хамгаалах үүрэг хүлээж байгааг судлан газрын зураг гаргасан” гэжээ.
Судлаачид дээрх таван улсын зэрлэг байгалийг цаашид хүний гарт өртөн, хөндөгдөх аюулаас сэргийлэхийн тулд олон улсын зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн байгаль хамгаалагчид олон нийтэд хандан дэлхийн эмзэг экосистемийг хадгалаж, зэрлэг байгалийг хамгаалахыг уриалжээ.
Үүний тулд энэ арваннэгдүгээр сард Египетэд “Биологийн олон янз байдлын конвенц” зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр 2020 оноос хойш биологийн олон янз байдлыг хэрхэн хамгаалах тухай төлөвлөгөө боловсруулан, оролцогч талууд гарын үсэг зурах юм байна.
Судлаачид зэрлэг байгалийг зөвхөн олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л хамгаалах боломжтой гэдгийг онцолсон байна. Мөн тэд дэлхийн бүх улс орнууд ямар нэг аж үйлдвэрийн зорилгоор байгальд халдахгүй байж чадвал зэрлэг байгалийг 100% хамгаалж чадна гэж үзжээ.
"Дэлхийн байгаль хамгааллын сан"-гийн Гүйцэтгэх захирал Жон Робинсон “Зөвхөн зэрлэг байгалиараа тэргүүлж буй дээрх таван орон үүргээ гүйцэтгэж чадвал байгаль экологийг хамгаалах боломж бүрдэнэ. Бид аль хэдийн хангалттай их зэрлэг байгалийг сүйтгэсэн. Харин одоо тэдгээрийг юу ч үгүй алга болохоос урьдчилан сэргийлэх боломж байгааг ухаарах ёстой” гэсэн байна.
Харин манай улсын хувьд Хөвсгөлийн хязгаарын хойд ба баруун хэсэг, Алтайн цаадах говьд хүний гарт өртөөгүй онгон байгаль байна гэж судлаачид дүгнэжээ.