Согоог янзагатай нь буудаж хөнөөжээ
Согоог янзагатай нь буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн баг шуурхай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг түргэн хугацаанд илрүүлжээ.
Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоожээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.