Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ээлжит бус “Их Эе”-ийг хамтран хуралдуулах саналыг өчигдөр (2018.11.01) дахин тавилаа. Дахин гэсний учир нь2018 оны аравдугаар сарын 18-нд мөн МҮБХ-ны Гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатад албан бичиг хүргүүлж, арваннэгдүгээр сард МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг зохион байгуулж, МҮБХ-ны асуудлаар маргаантай байгаа талууд хамтран хуралдахыг санал болгосон юм.
МҮБХ-ны зүгээс,
-"МҮБХ-нд үүсээд байгаа маргааныг нэн даруй шийдвэрлэхийн тулд 2018.05.03-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар 2018.05.18-нд ээлжит бус "Их Эе"-ийг хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнийг дархан аварга Х.Баянмөнх 2018.05.17-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, наадмын өмнө ээлжит бус "Их Эе" хурлыг хийе хэмээн хойшлуулсан. Улмаар 2018.06.15-ны өдөр МҮОНРТ-ийн ярилцлагаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ наймдугаар сардаа багтаан эсвэл есдүгээр сарын эхний долоо хоногт ээлжит бус "Их Эе" хийх санал гаргахад дархан аварга Х.Баянмөнх аравдугаар сард багтаан хурлаа хийе гэсэн болно. Иймд Монгол бөхийн нэр хүнд унаж, хөгжил зогсч, олон бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул мөн нийт олны хүсэл, шаардлагын дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтаан МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлаа хийн, нэгдсэн нэг холбоотой болж, Монголын өв соёлын нэг Монгол бөхөө мөхөөхгүйн тулд Монгол бөхөд хамааралтай та бид чин сэтгэлээсээ хамтран ажиллах шаардлагатай болж байна" гэх шаардлагыг өмнө нь тавьж байсан. Энэ удаад ч мөн дээрх агуулгыг албан бичигтээ дахин илэрхийлжээ.
МҮБХ Л.Чинбатад “Их Эе”-ийг хуралдуулах санал хүргүүлэхдээ энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ.
Бөхийн өргөө, Үндэсний бөхийн холбоо тойрсон маргааны улмаас "Бөхийн өргөө" энэ намаржин хаалттай байгаа. Наадмаас хойшхи хуваарьт барилдаанууд ерөнхийдөө тасарч, заримыг нь Спортын төв ордон, "Аса" цирк, "Алдар" спорт хороонд зохион байгуулж одоо сүүлдээ "Буянт-Ухаа"-д барилдаан хийхээр төлөвлөөд байгаа.