Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог\2 дугаар зураг\ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.
Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.