Д.Эрдэнэбат: УИХ-ыг тараах АН-ын байр суурь хэвээрээ байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. АН-ын бүлгийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ыг тараах тухай санал гаргаж байгаа нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь хууль ёсны асуудал. Хуульд тодорхой заагаад өгчихсөн болохоор хуулийнхаа хүрээнд зөвшилцөх саналыг албан бичгээр хүргүүлжээ гэж харж байгаа. Түүнээс бус АН өнөөдөр тодорхой мэдээлэл аваагүй учраас судлах шаардлага бий. УИХ-ыг тараах тухай асуудал нь УИХ-аар шууд хэлэлцэх гэж байгаа зүйл биш. Эхлээд хууль ёсоор УИХ-ын даргатай зөвшилцөх байх. Зөвшилцсөний дараа УИХ руу орох, үгүй эсэх асуудлыг шийднэ.
-АН-ын бүлгийн байр суурь бол ийм байгаа юм байна. Тэгэхээр хувь гишүүний зүгээс юу гэж дүгнэж байна?
-Яг өнөөдөр хувь улстөрчийн зүгээс байр сууриа илэрхийлэх боломжгүй зүйл гэж үзэж байна. Яагаад гэхээр төрийн эрх барих дээд байгууллагын асуудал яригдаж байгаа учраас хувь гишүүн Д.Эрдэнэбат гэдэг хүн байр сууриа илэрхийлэх боломжгүй. Аль ч нам, аль ч бүлгийн олонхийн нэгдсэн санал дээр байр суурь нэгдэн гарч ирэх ёстой асуудал.
-Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламент ямар ажилласан гэж дүгнэж байна вэ?
-Миний хувьд шууд "Хангалтгүй" ажилласан гэж хэлнэ.
-Урьд өмнө АН-ын бүлэг Засгийн газраа огцруулахгүй бол УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж тавина гэж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу?
-Тэр байр суурь хэвээрээ байгаа. Өнөөдөр бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай албан бичгийг УИХ-ын даргад зөвшилцөхөөр явуулж байна. Тэгэхээр АН-ын бүлэг УИХ руу уг асуудлыг ороод ирэхээр байр сууриа илэрхийлж таарна. Үүнээс наана хувь гишүүний зүгээс тодорхой зүйл ярих боломжгүй.