Сингапур улс усны хэрэглээгээ эрс бууруулна
2015 онд Дэлхийн нөөцийн байгууллагаас 167 орныг хамруулан усны нөөцийн судалгаа хийжээ. Судалгаагаар 2040 он гэхэд усны нөөцийн хомстолд хамгийн ихээр өртөх орнуудын тоонд Сингапур улс багтсан байна.
Сингапур улсын иргэн бүр өдөрт дунджаар 143 литр ус хэрэглэдэг байна. Тэгвэл тус улс 2030 он гэхэд нэг өрхийн өдөрт хэрэглэдэг усны хэмжээг 130 литр болгон бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Тиймээс тус улс сүүлийн үед ард иргэддээ ус хэмнэхийг уриалахын зэрэгцээ усны үнийг өсгөснөөр айл өрхийн усны хэрэглээг бага ч болов багасаж байгаа аж. Мөн ухаалаг усны тоолуурыг айл бүрт байрлуулснаар цагт хичнээн литр ус ашиглаж буйг нь бодитоор тооцоолдог болсон байна. Үүнтэй адил 10,000 шинэ орон сууцыг ухаалаг шүршүүрийн төхөөрөмжөөр тоноглосноор ус хэмнэх бас нэгэн боломжийг бүрдүүлжээ.
Үүний дээр Сингапурын засгийн газар усны аюулгүй байдлыг хангах технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Тухайлбал, усыг нөхөн сэргээгч, цэвэршүүлэгч ургамлууд, шахуургын станц, дамжуулах хоолой зэрэг олон бүтээн байгуулалтуудыг хийж байгаа юм байна.
Тус улсын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга, Шадар сайд Тео Че Хиан “ Манай улсын хувьд усны аюулгүй байдал нь ямагт үндэсний тэргүүлэх ач холбогдолтой асуудал байх болно. Бид ирээдүй хойчдоо уух усыг нь үлдээхийн тулд үүнээс илүүг хийх ёстой. Жишээ нь усны нөөцийн хомсдлыг бий болгож болзошгүй цаг агаарын онцгой нөхцөл, газрын тос, бусад бохирдуулагч хүчин зүйлс зэргийн болзошгүй аюулд бэлэн байх хэрэгтэй. Сингапурчууд ч үүнийг дэмжиж усны нөөцийг хадгалахад өөрсдийн хувь нэмрийг оруулахад бэлэн байгаа” хэмээн хэлжээ.
Тус улсын цэвэрлэгээний удирдлагын компанийн ажилтан Камарудин Нордин, Тео Че Хианы дэвшүүлсэн энэхүү зорилтыг биелэх боломжтой гэсэн бөгөөд гагцхүү энэ нь хүмүүсийн ухамсраас шалтгаална гэжээ.