Леван Шония хэмээх гүрж гаралтай украин боксчин Болгар улсад зохиогдсон мэргэжлийн боксын тэмцээнд талбайн эзэн орны тамирчин Спас Геновтой тулалджээ. Тулааны төгсгөлд шүүгчид Геновт ялалтыг өгсөнд Шония ихэд хилэгнэн өрсөлдөгчөө цохих гэж дайрчээ. Шүүгч түүнийг зогсоох гэж оролдсон ч улангассан танхайрагчийг дийлээгүй тул дасгалжуулагч нь шавь дээрээ очин зөвлөгөө өгсөн байна. Гэтэл Шония дасгалжуулагчийгаа хэд хэдэн удаа цохиод авчээ.
Түүний тэнэг үйлдлийг дэлхий нийт эхлээд гайхан хүлээж авсан бол одоо элэг тохуу хийж байна. Тухайлбал, Youtube сайтын каналууд “Дасгалжуулагч 10:9-өөр яллаа” хэмээн хошигнож, сүүлийн жилүүдийн хамгийн инээдтэй бичлэгүүдийн нэгээр тодруулж байна. 34 настай Леван Шония Гүржид төрсөн хэдий ч Украины нэрийн өмнөөс мэргэжлийн 27 тулаан хийснээс 12-т нь ялагдал хүлээжээ.