Хятад болон Япон хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурав
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны тухай 50 гэрээнд гарын үсэг зуржээ.
Ли Көцян, Шинзо Абэ нар бүс нутгийн болон олон улсын асуудалд харилцан байр сууриа зохицуулах, эдийн засаг, худалдааны салбарт харилцаагаа идэвхжүүлэхэд чиглэсэн Японы Засгийн газрын тэргүүний гурван өдрийн айлчлалын хүрээнд уулзсан байна.
“Хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн шинэ шатандаа орлоо” гэж Абэ сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, Япон улс цаашид БНХАУ-тай дэд бүтцийн төслүүд, ложистик, эрүүл мэнд, санхүүгийн салбарт хамтран ажиллахад шинэ боломжүүдийг хүлээж байна.
Харин Ли Көцян “Хятад болон Япон улс чөлөөт худалдааны зарчмыг баримтлах ёстой” гэдгийг цохон тэмдэглээд, Бээжин, Токио, Сөүл хооронд худалдааны иж бүрэн хамтын ажиллагаа явуулах тухай хэлэлцээг эрчимжүүлэх нь чухал болохыг мэдэгджээ.
Тус хоёр орон хэлэлцээ, яриа хэлцээ болон солилцооны жил тутмын төлөвлөгөө боловсруулах, инновацийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг 50 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан байна. Талууд мөн үнэт цаасны зах зээлд хамтын ажиллагааг өргөжүүлэн, гаалийн бүрдүүлэлтийн журмыг хялбаршуулахаар тохиролцож, хоёр орны үндэсний валютаар төлбөр тооцоо хийхэд зориулж своп хэлцэл байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.