ОХУ буцалтгүй тусламжаар мазаалай баавгайг судлах санал тавьжээ
БНХАУ манай улстай хамтран төсөл хэрэгжүүлж мазаалай баавгайн амьдрах орчны менежмент, экологийн чанарын үнэлгээ, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаа хийж байна. Энэхүү төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд төслийн нийт өртөг нь 11.63 сая юан юм. Төслийн хүрээнд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах, төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах, төслийн хэрэгжилтийн хугацаанд мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаанбуудайн үр олгох зэрэг ажил хийгдэх юм байна.
Дархан цаазат мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр ийнхүү БНХАУ-тай хамтран ажиллаж байгаагаас гадна ОХУ мөн энэ чиглэлд хамтран ажиллах санал тавьжээ. Тодоруулбал, ОХУ-ын Шинжлэх ухааны академи энэхүү саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлжээ. Манай тал саналыг нь хүлээж авсан тохиолдолд 3-5 жилийн хугацаанд буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлж судалгаа хийх аж.