Роботууд хүмүүстэй мөр зэрэгцэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Iron Ox компани нь бусад роботын компаниудтай адилгүй. Өөрөөр хэлбэл, тэд бусад компаниуд шиг өөрсдийн нэвтрүүлсэн шинэ технологийг биш харин хэрэглэгчдэд хоол, хүнсний зүйлс худалдах зорилготой. Гэвч хамгийн сонирхолтой нь тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг тус компанийн 15 ажилчид, роботуудтай мөр зэрэгцэн үйлдвэрлэх аж.
Үүний хүрээнд саяхан Iron Ox компани Сан-Францискогийн ойролцоох Сан Карлос хотод анхны үйлдвэрээ нээжээ. Энэ үйлдвэр нь програм хангамж, роботууд гээд бүрэн автоматаар тоноглогдсон байна.
Тэд эхний ээлжинд 743 м.кв талбайд ферм байгуулах бөгөөд тус ферм нь роботуудын тусламжтайгаар жилд 26,000 навчит ногоог ургуулах хүчин чадалтай байх юм байна. Энэ нь үйлдвэрлэлийн түвшингээрээ ердийн гадна талбайн фермээс бараг тав дахин их гэсэн үг юм. Фермийн роботууд үрсэлгээг томрох тутамд таарсан саванд нь шилжүүлэн суулгах зэрэг хэрэгцээт бүх л үйлдлийг хийдэг байхаар програмчлагджээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Александр “Бид өөр өөр үйлдэл хийдэг, өөр роботуудыг үйлдвэрийн орчинд нэгтгэн, хамтын үйлдэл хийлгэж чадах эсэхдээ эргэлзсэн. Тиймээс манай компани “Тархи” нэртэй программ хангамж бүтээсэн” гэжээ. Энэхүү программ нь фермийг тэр чигт нь ажиглаж, темпратур, азотын түвшин, роботуудын байршил зэргийг хянан, зохицуулах юм байна. Мөн шаардлагатай үед үйлдвэрийн ажилчдад ч хяналт тавих аж.
Мэдээж фермд бүх үйл ажиллагааг автоматжуулсан байх ч, хүний үүрэг, оролцоо мөн хэрэг болдог байна. Тухайлбал, ажилчид үр тариа үржүүлэх, боловсруулах ажил хийдэг. Гэвч Александр удахгүй тэдний ажлыг автоматжуулах зорилготой байгаа аж. Ингэснээр нэг талаас хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн хомсдол, нөгөө талаас үйлдвэрлэлийн түвшинг сайжруулах гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Мөн компанийн зүгээс роботуудыг бүтээснээр хүмүүсийн ажлын байрыг булаах биш харин дутагдаж буй ажиллах хүчийг нөхнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэдний үзэж буйгаар автомат ферм нь тээвэрлэлтийн зардлыг хэмнэх давуу талтай аж. Өөрөөр хэлбэл, хүнсний ногоог хотоос хол, хөдөө газарт тарьж, хэдэн мянган километрийн зайг туулан авчрах шаардлагагүй. Харин хотын ойролцоох автомат үйлдвэрийн фермээс зөөн, дэлгүүрүүдэд тарааснаар зардал бага гарна гэгдгийг онцолсон байна.
Гэхдээ энэ нь тийм ч хялбар хийгдэх ажил биш бөгөөд фермерийн ажлыг автоматжуулахад олон бэрхшээл тулгардаг байна. Хамгийн эхнийх нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Мөн томоохон автомат фермийг бий болгосноор, хувиараа газар тариалан эрхэлдэг гэр бүлүүдийн жижиг бизнест томоохон өрсөлдөгч болон гарч ирэх эрсдэлтэй аж. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд автоматжуулалтыг зөвхөн үйлдвэр доторх фермд биш, жирийн иргэдийн гадна талбайн газар тариаланд ч нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг компанийн зүгээс онцолжээ.