Питер Морроугийн нэрэмжит олон улсын “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
“Хүн байгаль, хайр, эрх чөлөө” орчин үеийн урлагийн хөдөлгөөний “ХУРВАС” медиа арт үзэсгэлэн 10-р сарын 26-нд ХААН Галерейд нээлтээ хийлээ. Уран бүтээлч Ж.Гантулга, Ц.Даваажаргал, Г.Мөнхболор, Д.Дорждэрэм нарын хамтарсан энэхүү “ХУРВАС” медиа бүтээл нь Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлээр тодорсон билээ.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, АНУ болон Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал агсан Ж.Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 оноос санаачлан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан дээрх дөрвөн уран бүтээлчийн ХУРВАС медиа бүтээлийг 2018 оны 9-р сарын 21-23-нд Нидерландын Хааг хотноо болсон “Todays Art”олон улсын наадамд 5000 үзэгчид танилцуулсан юм. Монголын контемпорари урлагийн чадварлаг залуу төлөөлөл болсон уг хөдөлгөөн нь хамтын уран бүтээлээ 2013 оноос эхлүүлсэн бөгөөд бие даасан болон хамтарсан 15 удаагийн үзэсгэлэн гаргажээ.
Та бүхнийг “Хүн байгаль, хайр, эрх чөлөө” орчин үеийн урлагийн хөдөлгөөний “ХУРВАС” медиа үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Монголын орчин үеийн медиа урлагийн бүтээлтэй танилцахыг урьж байна. Үзэсгэлэн 2018 оны 10-р сарын 26-30-ны хооронд ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10.00-19.00 цагт, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.
Утас/Факс: 976-70117023, 89035202
И-мэйл/веб хуудас: bertsetseg.e@khanbank.com
Харилцах хүн: Г.Гэрэлсүрэн, МУЗ-ийн Хөтөлбөрийн ажилтан
Утас/Факс: 976-11-319015, 319017
И-мэйл/веб хуудас: redger@artscouncil.mn
Харилцах хүн: Э.Бэрцэцэг, ХААН Банк Сангийн мэргэжилтэн