Ж.Бямбадорж: ХЭҮК хүүхдийн эрх зөрчигдөхөд дуугараагүй нэг ч тохиолдол байхгүй
Манай сайт энэ сарын 25-ны өдөр “Хүүхэд үрэгдэж байхад та хаана байв, Ж.Бямбадорж дарга аа” нийтлэл бичсэн. Энэ нийтлэлийнхээ мөрөөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадоржоос хариулт авсан юм.
-Тавантолгой бүлэг ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудал сүүлийн нэг жил хүчтэй яригдаж байгаа. Та саяхан газар дээр нь очиж ажиллаад ирсэн. Тэнд хүний эрх яаж зөрчигдөж байна?
-Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг тавдугаар сард НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Шведийн засгийн газраас санхүүжилтээр хийсэн юм. Үнэлгээ хийх тендер зарлахад аз болж гадаадад үйл ажиллагаа явуулдаг энэ асуудлаар мэргэшсэн, монгол залуучуудын компани шалгарсан. Үнэлгээг зургаадугаар сард хийж дуусаад гурван уурхайн төлөөлөл, аймаг сумын удирдлагуудын төлөөлөлд гардуулсан. Сая бүх талууд оролцсон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн засаг дарга, Цогтцэций сумын засаг дарга, иргэдийн төлөөлөл, гурван уурхайн төлөөлөл, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам гээд холбогдох газрууд оролцсон. Бухимдмаар маш олон зүйл байна. Цогтцэций сумын агаарын бохирдол Улаанбаатар хоттой зэрэгцэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Яаж ч чадахгүй хоёр тоосжилт босч байна.
Тухайлбал, говийн салхи нөгөөх нь тэсэлгээ. Үүнийг багасгах, зогсоох технологи өнөөдөр дэлхий нийтэд байхгүй байна. Агаарын бохирдол, тоосжилтоос болж Цогтцэций суманд амьдардаг 30 мянга гаруй иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Агаарын бохирдлын хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 онд 10 тэрбум төгрөгийг улсад өгсөн байгаа юм. Гэтэл нэг ч төгрөгийг Цогтцэций сумын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар тусгаж өгөөгүй байгаа юм. Харин энэ жилээс эхлэн дээрх хөрөнгийн 50 хувийг орон нутагт үлдээхээр төсөвт тусгасан байгаа. Нүүрс тээвэрлэдэг замын тухайд ярих ч юм биш. Жолооч нар үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна. Цогтцэций суманд очиж ажиллаад хотод ирсэн даруйдаа хэд хэдэн агентлагийн дарга нарт хандан “Бие бие рүүгээ бичиг цаас шидэхээ байя, нүүр нүүрээ харж ярья. Харилцан мэдээлье” гээд ажлын хэсэг байгуулагдсан. Манай төрийн байгууллагууд бие бие рүүгээ бичиг шиддэг, хүнд суртал гаргадаг, цаасан дээр бичсэн зүйлийгээ ажил хийчихлээ гэж боддог. Үүнд бид залхаж гүйцлээ. Нэг ч гэсэн зүйлийг ажил хэрэг болоосой гэсний үндсэн дээр муухай загнаж амьтны ад болж байна. Эдгээр асуудал ганцхан Бямбадоржийн асуудал биш шүү дээ, монголчуудын асуудал.
-“Дүнжингарав-2018” хурдан морины соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болж 16 хүүхэд мориноосоо унаж бэртсэн. Танай байгууллагын зүгээс энэ асуудал дээр хэрхэн ажилсан бэ?
-“Дүнжингарав” наадмаас болж үе үеийн Ерөнхий сайд нарт Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж хүргүүлж байсан. Ингэхдээ хурдан морины уралдаан зохион байгуулж болно. Гэхдээ арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ны хооронд газар хөлдүү байдаг. Энэ үеэр хүүхэд мориноос унах, унасан хүүхдийг морь гишгэх тохиолдол гардаг учраас хүүхдээр хурдан морь унуулахгүй шүү гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. 2017 оны зургаадугаар сард НҮБ-ын Хүүхдийн асуудал эрхэлсэн хорооноос Монгол Улсын засгийн газарт хурдан морины унаач хүүхдийн асуудлаар нэлээд хатуухан зөвлөмж хүргүүлсэн байдаг. Энэ мэтээр олон талаас шахалт ирсэн учраас “Дүнжингарав” наадмыг зохион байгуулахгүй зогсчхож байна гэсэн ойлголтыг манайх авчихсан байсан. Өнгөрсөн өвөл 2017 оны төгсгөлд бүх аймгийн Засаг дарга нарт “Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй шүү” гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Бараг бүх аймаг өвлийн уралдааныг хорилоо гэсэн захирамж гаргасан.
Төв аймагт малын гоц халдварт өвчин гарсан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэсэн юм. “Дүнжингарав” наадмыг зохион байгуулахгүй гэж байснаа гэнэтхэн л нэг өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хийхээр болсон гэдгээ Монголын морин спорт уяачдын холбооноос зарласан. Бид энэ мэдээллийг сонсоод яарч сандраад хяналт шалгалтын ажлыг хийхээс өөр аргаггүй байдалд хүрсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос хоёр хэлтсийн дарга, ахлах референт ажилсан. Урьд жилүүдийг бодвол өнгөрсөн өвөл “Дүнжингарав” наадамд ХЭҮК-ыг хяналтыг хийх боломжийг олгосон. Бид мориноос унасан, бэртэж гэмтсэн хүүхдүүдийн бүх мэдээллийг авсан. Өмнө нь урьдчилсан зөвшөөрөл аваагүй байна гээд биднийг талбай руу нэвтрүүлдэггүй, цагдаагаас зөвшөөрөл авах гэсээр байтал хурдан морины уралдаан нь болоод өнгөрдөг. Эсвэл түргэний тэрэг нь хурдан мориноос унасан хүүхдийг хурдхан шиг ачиж аваад л зугтаачихдаг байсан.
-Танай байгууллагын зүгээс холбогдох бүх газруудад өвлийн хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй шүү гэсэн зөвлөмж өгсөөр байтал Баянталд наадам болсон. Энэ жил ч гэсэн “Дүнжингарав”наадам болохгүй гэсэн баталгаа алга байна шүү дээ?
-Өнгөрсөн өвөл болсон үйл явдлаас сургамж авч, Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах тогтоол гаргахгүй, хаширсан болов уу гэж бодож байна. Хэрэв ийм зүйл дахиад болбол манай байгууллагын зүгээс олон түмний дэмжлэг авна. Үүнийг дэмждэг маш олон хүмүүс байдаг юмаа. Зарим хүмүүс өвлийн цагт монголчууд морио уралдуулдаг байсан гэж ярьдаг. Харин би “Үгүй” гэж хариулмаар байна. Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн, өвлийн улиралд морь уралдуулдаггүй байсан. Одоогийнх шиг өвлийн цагт морио тэжээж байсан тохиолдол ч байхгүй.
-2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг гэх найман настай охин алга болоод нэг жилийн нүүр үзэх гэж байна. ХЭҮК-оос энэ хэрэг дээр яаж ажиллаж байгаа вэ?
-Хүүхэд алга болох, бага насны хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртөх асуудлууд байнга гардаг. Хүүхдийн эрх зөрчигдсөн мэдээлэл авангуутаа ХЭҮК хяналт шалгалтаа хийж эхэлдэг. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед хүмүүс амьд явахын тулд олон арга хэрэглэж байна. Үүний нэг нь эрхтэн шилжүүлэх мэс засал. Монголд одоохондоо зөвшөөрөгдсөн нь цөөхөн байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгахад донор хэрэг болдог. Донортой холбоотойгоор хүүхэд алга болох асуудал бий. Бага насны хүүхэд алга болж буйг үүнтэй л холбоотой гэж үздэг. Хилээр жирэмсэн гараад хүүхэдгүй орж ирдэг тохиолдол зөндөө гарч байна. Эрхзүйн орчинг боловсронгуй болгохгүй бол энэ асуудлыг таслан зогсоож чадахгүй. Манай комиссын гишүүн Т.Оюунчимэг Замын-Үүдэд ажиллах үеэрээ нэгэн ноцтой зөрчилтэй тааралдсан. Нэгэн эмэгтэй хүүхдээ төрөхөөс өмнө БНХАУ-ын иргэнд зарахаар гэрээ хийж урьдчилгаа мөнгийг нь авсан байгаа юм.
Тухайн эх хүүхдээ төрүүлээд нөгөө хүмүүстээ өгтөл бэлгийн замын халдварт өвчтэй байна гээд хүүхдийг нь авахгүй бичиг баримтыг нь барьцаалан мөнгөө нэхсэн. Тэр эмэгтэйд монголчууд тусалж хүүхдийг нь эмчилж өгсөн тохиолдол байна. Д.Сэржмядаг охин хилийн ойролцоо алга болсон. Цагдаагийн байгууллага бүх л боломжоо ашигласан. Би хувь хүнийхээ хувьд олдоосой гэж их боддог, залбирдаг. Сайн санаатай хүмүүс үр хүүхдээ болгоод авчихсан байгаасай гэж залбирдаг. Битгий л эрхтний наймаанд өртчихсөн байгаасай. Хилээр гарч буй олон машины аль нэгэнд нь унтуулаад, эсвэл хуураад нуугаад ургаш нь аваад гарчихсан байх вий гэж айдаг. Харамсалтай нь энэ хэрэг илрэхгүй нэг жил болж байна. Монгол Улс цөөхөн хүн амтай олох боломжтой, хэрэв ямар нэгэн юманд өртсөн бол шарилыг нь ч олох боломж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь ажлын хэсгийг ахалж манай гишүүн Т.Оюунчимэг газар дээр нь очиж ажилсан. ХЭҮК хүүхдийн эрхтэй холбоотой асуудал гарангуут орон нутагт байгаа ажилтантайгаа холбоо барьж “Хяналт тавьж, цагдаа дээр очиж уулз, цаг тутамд мэдээлэл өгч бай” гэсэн чиглэл өгч ажилдаг.
-Өнгөрсөн зун бага насны хүүхдүүд гадаа найзуудтайгаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Гэвч танай байгууллагаас “Хүүхдийн эрх зөрчигдөж байна” гэж нэг ч дуугарсангүй?
-Зарим улсууд шиг ингэлээ, тэглээ гэж рекламдаад байхгүй юм даа. Наад асуудлуудтай чинь холбоотой 2-3 гомдол ирсэн. Зарим яам, тамгын газрынхан давхиж очоод “Ёстой эвгүй юм боллоо” гээд аав, ээжид нь байр өгнө гэж хэлсэн байгаа юм. Бид гомдлын дагуу зохих газартай нь холбогдож “Амлалтаа биелүүл” гэсэн шаардлага тавьсан. ХЭҮК хүүхдийн эрх зөрчигдөхөд дуугараагүй нэг ч тохиолдол байхгүй. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй хүүхдийн эрх зөрчигдсөн асуудалд анхаарал хандуулаагүй нэг ч тохиолдол байхгүй. Манай байгууллагын бүх баримт бичгийг үзэхэд тодорхой байгаа.
-ХЭҮК жилд хэдэн гомдол ирдэг вэ. Шийдвэрлэх боломжгүй гомдлууд ирдэг үү?
-Жилдээ 700 гаруй гомдол ирдэг. Нийгмийн бүлэг болгонд шийдэж чадахгүй, бид яаж ч чадахгүй асуудлууд байна. Тухайлбал, нэг аймгийн, нэг суманд 17 настай эмэгтэй хүүхдийг эр сүвтэй болгон хүчирхийлж байна. Үүнд хяналт шалгалт хийгээд өгөөч ээ гэсэн мэдээллийг иргэд өгсөн. Бид шалгаад үзтэл аав нь нас барсан, их ядуу амьдралтай учраас тэр охин ээжтэйгээ хамт зэргэлдээх аймагт амьдардаг ээжийнхээ эгчийнд ирж амьдарсан байгаа юм. Тэр охин 17 нас хүртлээ хотноосоо гарч байгаагүй, нийгмийн харилцаанд орж үзээгүй байсан. Бид хяналт шалгалт хийхэд нөгөө айл нь “Дааруулалгүй, өлсгөлгүй өдий зэрэгт хүргэлээ. Аваад л явахгүй юу. Харин ч сайн юм боллоо” гэж хэлсэн. Бид нааш нь аваад ирье гэхээр хаана авчрах уу, орхихоос өөр арга байхгүй. Сумын захиргаанд нь хэлээд л үлдээсэн. Ганц аймагт, ганц суманд ийм зүйл гараагүй ээ. Дахиад нэг хүндрэлтэй сэдвийг хэлье. Сэтгэцийн өвчтэй хүмүүс бүрэн эдгэрдэггүй. Олон жил эмнэлэгт хэвтэж буй ийм хүмүүсийг эмнэлгээс гаргачихдаг юм байна. Төв аймгийн Баян суманд байсан асрамжийн газрыг татан буулгаснаас хойш сэтгэцийн өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газар байгуулаач гэдэг хүсэлтийг сайд нарт холбогдох газруудад өгч байсан. Одоо болтол байгуулаагүй л байна. Бүрэн бус судалгаагаар сэтгэцийн өвчтэй 1000 орчим хүн байна. Ийм хүмүүс ямар нэгэн хэрэгт түвэгт орооцолдоогүй учраас цагдаад хамаагүй, өвчин нь хөдлөөгүй учраас эмнэлэгт хамааралгүй байдаг. Эдгээр хүмүүсийн өвчин нь гэнэт хөдөлбөл нийгэмд аюултай. Одоо болтол эдгээр хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг монголын төр шийдэж чадахгүй л байна. Бид хөдөө орон нутгуудад ажиллаж байхад дунджаар нэг аймагт сэтгэцийн өвчтэй 2-3 хүн байна.