Монголын сагсны шигшээд тоглож байсан Батбаяр Солонгосын иргэн болжээ
Эцэг эхээ даган багаасаа Солонгос улсад цагаачлан амьдарсан Батбаяр мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болохыг мөрөөдсөөр иржээ. Их сургуульд суралцах үедээ олон хүнд хэцүүг даван туулж, сургуулиасаа хүртэл чөлөө аван 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээр мөрөөдлөө эхлүүлсэн байна.
Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Батбаяр Монгол Улсын шигшээ багийн гишүүнээр оролцон, Солонгос улсын эсрэг тоглолт хийхдээ нийт 15 оноо авчээ. Эдүгээ Солонгос Улсын харъяалалтай болсон тул энэ жилээс Солонгосын мэргэжлийн сагсан бөмбөгийн багт хүч сорих юм байна.
Өдгөө Кан Бэйл хэмээх солонгос нэртэй болсон тэрбээр саяхан БНСУ-ын SBS телевизийн сэтгүүлч Ким Хён Ёлтой ярилцахдаа Солонгос улсын иргэншилтэй болсон тухайгаа ярьжээ. Тэрээр ярилцлагын үеэр “Болох болохгүй байсан ч бууж өгөлгүйгээр хичээсээр ирсэн” хэмээн ярьжээ.