Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт төрийн ордонд болж, Ерөнхий сайд, салбарын сайд тэргүүтэй 450 гаруй хүн оролцов. Энэ үеэр спортын салбарт тулгарч буй асуудал, бэрхшээл, цаашид авах арга хэмжээ гээд олон асуудал хэлэлцсэн. Үүнээс спортын бооцоот тааврыг албан ёсоор хуульчилж, ажил хэрэг болгох ёстой гэсэн санаа дэвшүүлсэн нь бидний хувьд шинэлэг зүйл байв. Зөвлөгөөнөөс Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжид “Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын жишгийн дагуу Спортын лото, бооцоот тааврын тухай хуулийг санаачлан боловсруулах, батлах” хэмээн заажээ. Спортын бооцоот таавар манайд л шинэ болохоос олон улсад бол хөгжөөд олон арван жил болчихсон зүйл. Ялангуяа АНУ, Европ болон Зүүн азийн орнуудад өргөн дэлгэрсэн. Эргэлддэг мөнгөн дүн нь тэрбум ам.доллараар яригдана. Зөвхөн сагсан бөмбөгийн спорт дахь бооцооны мөнгө гэхэд 1.4 тэрбум “ногоон” гээд бод доо. АНУ-ын Лас Вегасын бооцооны төв гэхэд өнгөрсөн жил 4.8 тэрбумын орлого олжээ. Энэ салбарт ямар их мөнгө эргэлддэг нь эндээс харагдах байх. Спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, мөнгө олох хэрэгсэл болгосон улс орнуудтай Монголыг харьцуулах аргагүй.
Манай спорт ихэвчлэн гуйлга, тусламжийн байдалтай явдаг нь гашуун боловч үнэн. 2018 оны байдлаар гэхэд улсын төсвийн 0.46 хувь спортын салбарт ногдсон. Энэ мөнгө нь хаанаа ч хүрэхгүй тул энд тэндээс гуйлга тусламж гуйна. Ер нь спортыг мөнгө олдоггүй, ашиг өгдөггүй салбар гэж ад үзэх нь бий. Энэ байдлаас гарах аргын нэг нь бооцоот таавар гэдгийг улс орнууд ойлгож, олон жилийн өмнөөс хөгжүүлжээ. Өдгөө БНХАУ спортын нийт төсвийнхөө 60 хувийг бооцооноос бүрдүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Хонконг бол бүх санхүүжилтээ бооцоот таавраас олдог. харин Японд бооцоот таавраас зөвхөн спорт биш, бусад салбарынхан ч хувь хүртдэг. Тухайлбал, автомашин, мотоциклийн уралдаанд тавьсан бооцооны мөнгөний зарим хэсэг нь зам тээврийн яамных нь төсөвт орох бол морин уралдаанаас орж ирсэн мөнгө хөдөө аж ахуйн яамны орлого болох жишээний. ОХУ 2012 онд бооцоот тааврыг албан ёсоор хуульчилсан бол Франц тэр жил хуулиа шинэчлэн баталж, боловсронгуй болгосон гээд гаднын жишээ олон. Манай улсын тухайд Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байх үед бооцоот тааврыг нэвтрүүлэх талаар яригдаж эхэлсэн байдаг.
Гэвч ажлын хэсэг байгуулж, өргөн далайцтай судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулсан зүйл алга. Өдгөө БСШУСЯ энэ асуудлыг бараг мартаж орхисон гэж болно. Харин бооцоот морин уралдааны хуультай болох гэж хэсэг нөхөд зүтгүүлээд бараагүй. Бодвол төрийн толгойд байдаг хэдэн уяачдын лобби байсан байх. Тиймээс олны дэмжлэг хүлээгээгүй юм. Яаж ч бодсон данц ганц морин уралдааныг хуульчлах нь учир дутагдалтай л даа. Хэрэв тэгвэл дараа нь сагсан бөмбөгийн бооцоот тааврын хууль гэх мэт спортын төрөл бүрээр салаалсан хуультай болох шаардлага тулгарна. Тиймээс аль нэг спортыг онцлолгүй, бооцооны бүх хэлбэрийг зохицуулсан нэгдсэн нэг хуультай болох нь зүйтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Олон улсын жишгийг харвал төрийн байгууллага бооцоот тааврын аливаа асуудлыг зохицуулдаг. Тусгай зөвшөөрөл өгөх, цуцлах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, татвараа хураах гэх мэт. Харин тааврын үйл ажиллагаа явуулах субьект нь хувийн хэвшлийн компаниуд байдаг. Улс тэдэнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгч, татвараар орлого олно гэсэн үг. Жишээ нь тайваньд банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан бооцоот тааврыг зохион байгуулдаг аж.
• 2018 оны байдлаар улсын төсвийн 0.46 хувь спортын салбарт ногдож байна.
• Хэрэв Монголд нутагшуулж чадвал үндэсний бөхөд бугшсан даваа наймаалцах асуудлыг шийдэх боломжтой.
• Лас Вегасын бооцооны төв зөвхөн өнгөрсөн жил 4.8 тэрбумын орлого олжээ.
Манай улс бооцоот тааврыг албан ёсоор хуульчлаагүй ч албан бусаар бол зөндөө бий. Улсын наадмаар хэн гэдэг бөх шинээр цол авах вэ, ямар бөхчүүд шөвгөрөх вэ гэх мэт тааврыг хэн дуртай нь зарлаж, тодорхой хэмжээний ашиг олж байгаа. Мөн Премьер лигийн “Челси”“ливерпуль”-ийн тоглолтод хэн гэдэг тоглогч хэд дэх минутад анхны гоолыг оруулах вэ гэх мэт асуулт ч бас бооцоот тааврын нэг хэлбэр. Тэгвэл энэ бүгдийг албан ёсоор хуульчилж, тусгай зөвшөөрөлтэй компаниас нь татвар авах замаар спортын салбарын төсвийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарынхан онцолдог. Манай улсад спортын барилга байгууламж тун цөөхөн гэдгийг бид мэднэ. Нэг хүнд 0.22 ам см спортын барилга байгууламж ногддог гэсэн статистик бий. Энэхүү өрөвдөм тоон үзүүлэлтийг ахиулах, хүмүүст спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдүүлэх нэг гарц нь бооцоот таавар гэж болно. Мэдээж аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар бооцоот тааварт ч бас сөрөг тал бий. Тухайлбал, хүмүүс бооцоонд донтож, үүний улмаас ажил, амьдралаа үгүй хийсэн бодит жишээ бий. Тиймээс улс орнууд хэт донтоод байгаа хүнийг хязгаарлах янз бүрийн арга хэмжээ авдаг.
Түүнчлэн тоглолт наймаалцах явдал гардаг нь бооцоот тааврын өөр нэг сөрөг тал. Бооцоот таавар асар өндөр хөгжсөн Японд бейсболын тамирчид тоглолт наймаалцсан нь нотлогдож, бөөн шуугиан тарьсан нь үүний нэгэн жишээ. Тиймээс япончууд тоглолт наймаалцах асуудлыг эрүүгийн гэмт хэргийн түвшинд авч үзэж, мөрдөн шалгалт явуулдаг болсон. Хэрэв үүнийг Монголд нутагшуулж чадвал үндэсний бөхөд бугшсан даваа наймаалцах асуудлыг шийдэх боломжтой. Бид үндэсний бөхөд найраа байгааг мэддэг ч, үүнийг хэн мөрдөн шалгах юм, хэрэв үнэн бол ямар шийтгэл оноох нь бүрхэг. Харин бооцоот тааврын хуулийн хүрээнд хариуцлагын шийтгэл ногдуулаад эхэлбэл энэ асуудал эрхбиш цэгцрэх учиртай. Нэг ёсондоо бооцоот тааврын сул талыг давуу тал болгох боломж байна гэсэн үг. Гэхдээ хууль баталлаа ч гэсэн үүнийг буруу хэрэгжүүлбэл үр дүнгээ өгөхгүй. Мэдээж бооцооноос орж ирсэн мөнгө улсын төсөвт төвлөрөх учиртай. Харин энэ мөнгийг эргээд спортын салбарт зарцуулалгүй, хавтгайрсан халамж болгоод сум, жалгаар нэг тараачихвал бооцооны үндсэн утга алдагдана гэсэн үг. Тиймээс бооцоот тааврын мөнгө зөвхөн спортын хөгжилд зарцуулагдана гэдгийг албан ёсоор хуульчилж байж зөв голдиролдоо орох учиртай.
Оролцогч талууд эрх тэгш хувь хүртдэг нь спортын бооцооны нэг давуу тал. Жишээ нь сагсны лигт хоёр баг аваргын төлөө тоглохоор боллоо. Тэдний хэн нь аварга болох вэ гэдэг дээр хүмүүс бооцоо тавина. Мэдээж таасан хүмүүс мөнгөө өсгөж авна. Үүнээс гадна өнөөх тааврын гол бай болсон клубүүд цугларсан мөнгөнөөс тодорхой хувь авдаг жишиг бий. Энэ нь эргээд клубийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг болдог. Товчхондоо бол спортын салбарыг бизнесийн эргэлтэд оруулах нэг том алхам нь бооцоот таавар юм. Манайхан нэг үеэ бодвол спортын тэмцээн уралдаан ихээр үздэг болсон. Сагсны лиг болоход Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй болдог. Улсын цолтой бөхчүүдийн барилдаан зохиогдвол байнга дүүрэн үзэгчтэй байдаг. Олны сонирхлыг татаж байгаа эдгээр спортыг ашиглаад бооцоот таавар явуулбал хүмүүс сонирхож хамрагдах нь гарцаагүй. Жишээ нь, залуу арслангуудын хэн нь түрүүлж улсын аварга болох вэ гэсэн тааврыг наадмын өмнө тавихад бөхийн хорхойтнууд шуураад л оролцоно. Мөн оны тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд аль аймгийн бөхчүүд түрүүлэх вэ гэх мэт тааварт хүмүүс дуртайяа оролцох байх. Энэ мэтээр спортын бооцоог аль ч төрөл дээр ямар ч хэлбэрээр явуулах боломжтой. Хамгийн гол нь үүнийг албан ёсоор хуульчилж, үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг нь нээж өгмөөр байгаа юм. Үүний дараа хувийн хэвшлийнхэнд бүхнийг даатгаж орхиод тэднээс тусгай зөвшөөрлийн төлбөр болон татвараа аваад сууж байвал энэ нь спортын салбар дахь маш том хөрөнгө оруулалт байх юм.