Б.Пүрэвдорж: Тойрог руугаа мөнгө татсан хэн бүхэн сонгогддоггүйн жишээ бий
Улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламент хийж эхэллээ. Төсвийн орлогын дийлэнхийг нүүрсний экспортоос бүрдүүлнэ гэж төлөвлөсөн нь хэт өөдрөг, нэг эх үүсвэрээс хамааралтай төсөв боллоо гэж эдийн засагчид сануулж байна. Төсвийн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцсанаа хүргэе.
-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр орлогын бүрдүүлэлтийн талаар нэлээд ярьж байна. Ирэх жил Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь биелэх боломжтой юу?
-Зарим улстөрч 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж байна л даа. Гэхдээ энэ оны эцэс гэхэд Монгол улс 35 сая тонн нүүрс гаргахаар байгаа. Үүнийг 42 сая тонн болгож нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн ажил хийх ёстой. Юун түрүүнд хил гааль, визийн асуудал байна. Визийн асуудлыг маш энгийн болгох хэрэгтэй. Мөн тээврийн байгууллага нэг даац дээр ногдох жинг хоёр тонноор л нэмэгдүүлбэл 42 сая тоннд хүрэхэд асуудалгүй. Төсвийн хуулиа биелүүлэхийн тулд Засгийн газар шуурхай ажиллах хэрэгтэй. Харин зарлага талдаа хэт үрэлгэн хандаж байгаа. Өнгөрсөн жил төсвийн давж биелсэн орлогыг тэр чигээр нь урсгал зардалд гаргачихсан. Гэтэл энэ жил урсгал зардлыг дахин 300 тэрбум төгрөгөөр давуулан оруулж ирж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг хэт үрэлгэн зарж байгаа явдал. Зардлын хувьд мөн жижиг 76 тойрог руу хөрөнгө оруулалтыг хувааж татсан нь төсөвт маш их дарамт болж байна. Энэ нь сонгуулийн хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль хийдэг. Гишүүд дахин сонгогдохын тулд тэр тойрог руугаа хөрөнгө оруулалт татах уралдаан хийж байна. Ингэснээрээ УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох сууриа тавьж байгаа юм л даа. Гэхдээ сонгогчдыг татах гэсэн ийм арга амжилтад хүрдэггүй.
-Тэгээд яагаад гишүүд төсөв хэлэлцэх бүрт өөрийн сонгогдсон тойргийн асуудал бүрийг улсын бодлого юм шиг ярьдаг юм бэ? Танай бүлгийн гишүүд ч гэсэн ялгаагүй тойргийнхоо хөрөнгө оруулалтыг ярьсаар байгаа.
-Ард түмэн нүдтэй. өөрөөр хэлбэл, төсөв буюу төрийн мөнгөөр хийж байгаа ажлыг хувь гишүүнд нааж харахгүй. Жишээ нь өнгөрсөн парламентын үед Н.Алтанхуяг дарга Увс аймагт маш их хөрөнгө оруулалт татаж, ажил хийсэн. Увс аймгийн төв нь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Гэвч сонгуулиар Н.Алтанхуяг дарга унаж байх жишээтэй.
Төрийн мөнгөөр хийж байгаа ажлыг хувь гишүүнд нааж харахгүй
-42 сая тонн нүүрс экспортлохын тулд хил гаалийн асуудлыг цэгцлэх, виз олгох шат дамжлагыг энгийн болгох хэрэгтэй гэж хэллээ. Визийн асуудал гэхээр та хятад жолооч нарын тухай ярьж байна уу?
-Хятад жолооч нар олон удаагийн виз авдаг. Нүүрсний экспортыг хэвийн, давтамжтай, байнгын явуулахын тулд хоёр орны харилцаа л чухал. Монгол жолооч нар тийшээ орохдоо ямар нэгэн виз даруулахгүй, асуудалгүй нэвтэрдэг. Гэтэл БНХАУ-ын иргэд виз авдаг. Гэхдээ виз авч байгаа нь асуудал биш. Хамгийн гол нь энэ шат дамжлага ямар нэгэн хүнд суртал, авлигагүй л явах ёстой юм.
-БНХАУ-ын жолооч нарт визийг ямар нэгэн асуудалтай олгож байгаа нь манайхаас гарах нүүрсний экспортын хэмжээнд нөлөөлнө гэж үү?
-Би Гадаадын иргэн харьяатын газрын дарга байсан. Тэгэхдээ өмнө нь “БНХАУ-ын иргэдэд хил дээр виз олгохгүй, зөвхөн газрын дарга л олгоно” гэсэн журмыг хүчингүй болгож байсан. Жирийн мэргэжилтэн, байцаагч тэндээ хэн нэгэн даргаас хамааралгүй өгдөг болгосон. Ингэснээр өдөрт 700 автомашин хилээр гардаг байсныг 1000 давуулсан. Энэ бол харилцааг л харуулж байгаа юм. Гэтэл одоо хил дээр мэргэжилтэн, байцаагч виз олгодог байсан процедурыг хүчингүй болгочихсон бололтой. Өөрөөр хэлбэл, хүнд сурталтай өгөөд байгааг энгийн болго л гэж байгаа юм.
-Ам.долларын ханшийн тухайд юу хэлэх вэ?
-Энэ оны эцэс гэхэд ам.долларын ханш 2600 орчим төгрөгтэй л тэнцэх болов уу. Хүчээр интервенц хийгээд доош буулгах л байх. Гэхдээ бодлого л чухал. Сая ам.долларын ханш өсөхөд Сангийн сайдын мэдэгдэл нөлөөлсөн. Сангийн сайд өнгөрсөн сарын 17-нд “их хэмжээний бондын өр дарлаа” гээд мэдэгдэл хийсэн. Гэтэл зах зээл дээр “валютын нөөц багаслаа” гэсэн сигналыг өгчихөж байгаа юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгч тэр үед “Энэ төлбөр ам.долларын ханшид нөлөөлөхгүй ээ” гээд хэлчих байсан юм. Хоёрдугаарт, интервенцээ хурдан хугацаанд хийх ёстой. Харин төв банк арилжааны банкуудын захиалгыг биелүүлэхгүй, 10 гаруй хоночихсон. Ингэснээр ам.долларын ханш өсөхөд нөлөөлсөн. Үүнийг зохион байгуулалттай хийсэн байж магадгүй гэж харж байгаа.
-Засгийн газар эдийн засгийг ирэх онд найман хувиар өснө гэж тооцож байгаа. Гэтэл Монголбанкны интервал 5-8 хувь байна. Энэ өсөлтөд хүрэх боломж байгаа юу?
-Боломж бол бий. Яагаад гэвэл ирэх жил бидэнд төлөх өр төлбөр алга. Мөн нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ энэ түвшиндээ байж чадвал эдийн засаг өсөх боломжтой.
-Ирэх жил төлөх өр төлбөр байхгүй гэдэг байдлаар улстөрчид асуудалд хандаад байна. Гэтэл 2020, 2021 он гээд бондуудын гол төлбөр хийгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буй энэ үед харин ч давж биелсэн орлогоо ирээдүйд барагдуулах өр төлбөртөө хадгалах ёстой юм биш үү?
-Татварын ил тод байдлын тухай хууль, НӨАТ-ын хуулиар бид татвараа харьцангуй сайн дайчилж байна. Хоёрдугаарт, экспортын хэмжээ, нүүрсний үнэ өссөн. Гэхдээ буцаад яг энэ олсон орлогоо хадгалах ажлыг хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Дээрээс нь татварын бааз суурийг өргөтгөхийн тулд ЖДҮ-ийг дэмжихэд хөрөнгө, төсөв тавих шаардлага бий. Өнөөдөр хамгийн их татвар төлж, өнгөтэй өөдтэй явж байгаа компани бол өнгөрсөн парламентын үед Чингис бондоос санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд л байна. Тэгэхээр бид татвараа хурааж авч чадаж байгаа бол жаахан дэмжлэг хэрэгтэй тэр хэсэгтээ хөрөнгө оруулах ёстой. Тэгж байж манай татварын бааз суурь нэмэгдэнэ.
-Инфляц бол эдийн засаг өссөний шинж гэж Монголбанкныхан хэлээд байна. Гэтэл зохистой түвшнээс давбал хэрэглэгчдэд гол дарамт нь очно.
-Ардчилсан нам 1.2 хувийн инфляцтай эдийн засгийг МАН-д хүлээлгэж өгсөн. Шатахууны үнийн өсөлтөөс үүдэн өнөөдөр инфляц хоёр оронтой тоо руу дөхөж байх шиг байна. Эдийн засаг энэ онд зургаан хувиар өслөө ч буцаад инфляцад сорогдчихлоо.
-Хүүхдийн мөнгийг авахыг хүссэн хүүхэд бүрт олгох талаар тогтоолын төслийг УИХ хэлэлцээд эхэллээ. Төсөв хэлэлцэхээр энэ мэт халамжийн бодлого байнга босч ирдэг. ОУВС-тай байгуулсан хэлэлцээр яах вэ?
-Эрх баригчид хүүхдийн мөнгийг 100 хувьд олгоно гэж амласан. Гэхдээ тэр нь зургаахан сарын настай байх. Өөрөөр хэлбэл, 2020 он гараад сонгууль хүртэлх хугацаанд өгөх байх. Ардчилсан намын бүлэг хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно. Энэ бол халамж биш.