Хоёр Солонгосын талаас хамтарсан аюулгүйн бүсээ хамгаалалтын постгүй болгохоор тохиролцов
БНСУ болон БНАСАУ-ын хоорондох цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улсын хилийн Панмүнжом тосгоноос зэр зэвсгүүд болон цэргийн хамгаалалтын постуудыг гаргахаар тохиролцсон байна.
Үүнтэй холбогдуулан “Хоёр Солонгос болон АНУ тэргүүтэй НҮБ-ын коммандын төлөөлөгчид уулзаж 10-р сарын 25 гэхэд Хамтарсан аюулгүйн бүсээс зэр зэвсэг болон цэргийн хамгаалалтын постуудыг гаргах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон” гэж БНСУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн байна.
Хамтарсан аюулгүйн бүс хэмээн нэрлэдэг Панмүнжом тосгон нь хоёр Солонгосын цэргүүд нүүр тулгаран байх боломжтой хилийн дагуух цор ганц газарт тооцогддог юм. Харин энэ сарын эхээр хоёр талын цэргийн албан хаагчид хилийн дагуу газарт булаатай байсан 800 мянга орчим тэсрэх бөмбөгийг устгах ажиллагааг эхлүүлж амжилттай дуусгасан юм.