МАН-ЫН БҮЛЭГ: Н.Цэрэнбат сайдын 54 тэрбумыг хасч, гомдолтой гишүүдийн гоморхлыг тайлжээ
Парламент дахь үнэмлэхүй олонхийн бүлгийн гишүүд өчигдөржин 2019 оны төсвийн төслөөр яриа өгөхөөс татгалзаж, сэтгүүлчдээс зугтав. Гишүүдээс “Төсвөө уншсан уу” гэж асуухад “Тойргоо л харсан” гэж хэнэг ч үгүй хариулсан тохиолдол хүртэл гарлаа. Засгийн газрын нэг сайдад “Та бүлгийнхээ гишүүдэд “Төсвөө унш. Хуулийн төслөө судалж, түүнийгээ тайлбарлах үүргээ биелүүл гэж хэлээд өгөөч” гэвэл толгой дохиж байх жишээтэй.
Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ерөнхийдөө “шүүс” нь шахагдаж, жимбийгээд ирдэг. Тиймээс ч гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн явцад асуудлууд нь харьцангуй жигдэрчихдэг билээ. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлэг тулчихаад байхад парламент дахь үнэмлэхүй олонхийн гишүүд нэг тийм лазан, хэт ажил хэрэгч бус байгаа нь хачирхалтай.
Өдийд Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дээр төсвийн хэлэлцүүлгүүд ид өрнөж байх учиртай. Гэтэл эсрэгээрээ УИХ дахь МАН-ын бүлэг доторх Д.Оюунхорол гишүүний ахалсан ажлын хэсэг дээр хамаг тохироо өрнөв. Ажлын хэсгийнхэн өнөөдрөөс ердөө 13 хоногийн өмнө бүлэг дээрээ жигтэйхэн ширүүн дориун аашилж, Увсын тойрогт 50 тэрбум, Нийслэлийн гишүүнд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудлыг шүүмжилсэн байдаг.
Тус намын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Ганболд нарын гишүүд “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” гэсэн байдлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжилсэн байдаг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харах, гишүүдийн тойрогт нэн шаардлагатай ажлуудыг нэмж тусгах тал дээр анхаарахаа амласан гэгдэж байв.
-Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН УТАА ШҮҮГЧ БАЙРЛУУЛАХ БҮТЭШГҮЙ
САНААГ БУЦААЖЭЭ-
Түүнээс хойш 13 хоногийн дараа буюу өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаан “аядуу зөөлөн” болж өндөрлөжээ. Өмнөх хуралдаан дээр ширүүн дориун ааштай байсан Д.Оюунхорол гишүүн жигтэйхэн зөөлөрч, зарим шүүмжлэгч гишүүдээ өөрийн биеэр ятгаж болиулсан байна. МАН дотор яригдаж буйгаар өнгөрсөн өдрүүдэд төсвөө задлахгүйн тулд Засгийн газраас Д.Оюунхорол гишүүний ахалсан ажлын хэсэгт ихээхэн анхаарал хандуулсан аж.
Энэ хүрээнд төсвийн зарим зардлыг өөр тийш нь хуваарилах байдлаар багахан шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Үндсэндээ төсвийн 20 орчим хувь дээр хөдөлгөөн хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Ажлын хэсгээс зарлага буулгах чиглэлд ахиц дэвшил гаргаагүй. Зөвхөн хуваарлилтын “шог” байдлыг арилгахад л анхаарсан байна. Тиймээс ч төсвийн зарлагын хүснэгтүүд үндсэндээ хэвээрээ үлджээ.
Ганц авууштай нь, 10 мянган төгрөгийн янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч байрлуулах гэсэн Н.Цэрэнбат сайдын бүтэшгүй саналыг буцаахаар шийдсэн байна. Гишүүд “Олон нийт эсэргүүцээд байхад энэ чигээр нь баталвал Засгийн газар болоод намын нэр хүндэд халтай. Үүнийг хасъя” гэсэн санал гаргаснаар асуудлыг нэг тийш нь болгожээ. Улмаар агаарын бохирдол бууруулах чиглэл дэх 80 тэрбумыг өөр зүйлд зарцуулахаар болсон гэх ерөнхий мэдээлэл олдов.
2019 оны төсөвт бүтээн байгуулалтыг 3 их наяд гаруй төгрөгөөр төсөвлөж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг 254 тэрбумаар нэмэгдүүлээд буй. Улмаар ирэх онд баригдах 500 гаруй барилыг 375 нь зураг төсөлгүй явж байгаа юм. Түүнчлэн нэг цэцэрлэгийг 1 тэрбум орчим төгрөгөөр барина гэж төсөөлсөн нь бидний бодит боломжид нийцэхэд хүндхэн тоо билээ. Үүний оронд цэцэрлэгүүдийг хувийн хэвшлээс түрээслэх байдлаар ашиглаж, төрийн зардлыг хэмнэх боломж байгааг Төрийн тэргүүн онцолсон.
Гол нь, төсвийн асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дээр төсвөө зангидахгүй. Эрх баригч нам бүлэг дотооддоо тохироонд орж, улсынхаа төсвийг нам дотроо “боож” байгаа нь ихээхэн зохисгүй үйлдэл юм. “Сонгууль дөхчихөөд байхад тойрог хоосон үлдээлээ” гэж уйлагнасан гишүүдийн гоморхлыг тайлснаас өөрөөр сайн зүйл болсонгүй. Бүлгийн ажлын хэсгийнхний амжилт нь энэ юм.