Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн болохоо Саудын Араб хүлээн зөвшөөрлөө
"Washington Post" сонины сэтгүүлч, Саудын Арабын иргэн Жамал Хашогги болон консулын ажилтнуудын хооронд маргаан үүссэний улмаас хэрцгийгээр алуулсан тухай тус улсын Ерөнхий прокуророос гаргасан мэдээллийг Саудын Арабын төрийн мэдлийн хэвлэлүүд нийтэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилж, угсаа залгамжлах хунтайжийн ойрын туслахуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Энэ хэргийн талаар тус улсын гадаад хэргийн сайд Адель Аль-Жубейр тайлбар өгөхдөө "Хэрэг үйлдэгчид эрх мэдлээ хэтрүүлсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд бүгд хариуцлага хүлээх болно" гээд хэрэг консулын байранд болсон эсэх, сэтгүүлчийн цогцос нь хаана байгаа талаарх мэдээлэл одоогоор байхгүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр мөн болсон хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардаж буй АНУ-ын Конгрессын гишүүдийг хүлээцтэй хандаж, учир байдлын зангилаа тайлагдаж, үнэн нь тогтоогдсоны дараа дүгнэлт гаргахыг уриалсан байна.
Хашогги алга болсон өдөр Истанбулд ирсэн гэх 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай албаны багийн гишүүн бүрийг шалгаж байгаа гэнэ.
Жамал Хашоггийг боож алсан байж магадгүй хэмээн "АВС News" суваг эх сурвалжийн мэдээллийг дамжуулсан байна.
Энэ хэргийн талаар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсан байна.
Туркийн цагдаагийнхан Жамал Хашоггийн цогцсыг хүчилд уусгасан байж болзошгүй гэсэн таамгийг шалгаж байна хэмээн Туркийн "Haberturk" суваг мэдээлэв. Түүнчлэн Туркийн эрх баригчид талийгаачийн сүйт бүсгүйг хамгаалалтад авсан байна.