Ерөнхийлөгч Дональд Трамп: Пуужин устгах гэрээг орхиж байгаа нь ОХУ-аас болсон
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Дунд болон богино зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ"-нээс гарна хэмээн албан ёсоор мэдэгдсэн талаар "BBC" агентлаг уламжлав.
Тус гэрээг 1897 онд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган, ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёв нар байгуулж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп "Фокс ньюс" сувгаар өчигдөр "ОХУ-ын эрх баригчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг үл дэлгэрүүлэх гэрээг даган биелүүлэхгүй байна. ОХУ-ын шийдвэрийг даган биелүүлэхгүй, олон улсыг хуурч буй учир бид ч гэсэн хариу арга хэмжээ авахаар боллоо" гэж хэлжээ.
Түүнчлэн Трамп экс Ерөнхийлөгч Барак Обамаг өөрийн төр барьж байх үедээ АНУ-ыг энэ гэрээнээс гаргаагүйн дээр ОХУ-д хяналт тавиагүй хэмээн эгдүүцсэн аж.
Цагаан ордны тэргүүнийг дээрх шийдвэрийг гаргахад нь Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хүчтэй нөлөөлсөн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр энэ сарын 22-ноос 23-ны хооронд Москва хотноо айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар төлөвлөөд байна.