Дархадын цэнхэр хотгорын түүх
Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт орших “Дархадын цэнхэр хотгор” хэмээн алдаршсан байгалийн үзэсгэлэнт энэ газар бол 248 жижиг, том гол горхи, 377 нуур цөөрмийн тогтоц, 24 рашаан булгийн ундарга бүхий их усны хагалбар юм. Мөн энэ бүсэд зүрхний бичлэгийг санагдуулам, хурц, шовх, гурвалжин оройтой, сүрдэм өндөр, хадан уулс байдаг нь байгалийн тогтоцыг аргагүй өвөрмөц болохыг илтгэнэ. Тэгвэл энэ бүх гайхамшиг хэрхэн үүссэн юм бол?
Энэхүү сонирхол татам түүхийг гадны судлаачид өргөн судалж, нутгийн байгаль хамгаалагчдад сургалт орсноор, уншигч таны оюунд мэдлэг болон очих боломж бүрджээ. Ингээд нутгийн байгаль хамгаалагч С.Ренчиндаваагийн яриснаар энэ түүхийг өгүүлье.
Дархадын хотгорын томоохон голуудын нэг болох Шишгэд гол хойд зүгийг чиглэн урсах ба түүнээс Енисей мөрөн эх авна. Гэтэл одоогоос арав гаруй сая жилийн өмнө галт уул дэлбэрч, Шишгэд голын Енисей мөрөн рүү цутгадаг голидрол, ай савуудыг хаажээ. Ингэснээр Шишгэд гол төдийгүй Шаргын гол, Арсайн гол, Тэнгисийн гол зэрэг 100 гаруй гол гадагш гарцгүй болсон тул ууланд тулан, ус тунаж, хуримтлагдсаар асар том далай үүсчээ. Тухайн үед одоогийн Дархадын хотгорт байдаг Хорьдол Сарьдагийн нурууд, тайга гээд өндөр уулс бүгд байгаагүй тул цэлгэр талыг ийнхүү ус бүрхэн авсан байна.
Ингээд ес орчим сая жилийн өмнө мөстлөг явагдаж, хөндий талыг бүрхсэн их усан далай хөлдөж эхэлжээ. Энэхүү мөстлөг хоёр орчим сая жил үргэлжилсэн ба удалгүй асар их дулаарал явагдахад өнөөх мөсөн далай дахин гэсч эхэлсэн байна. Хэрвээ бид ажиглавал одоо ч жижиг нуурууд мөн далайн мөс хайлах үед, мөсний тасарсан хэсэг эрэг рүү түрэн гарахад мөсний ёроолд шавар, шороо наалдан хөлддөг. Яг энэ жишгээр тэртээх долоон сая жилийн өмнө асар том далайн мөс, усны долгионд эрэг рүү түрэн гарч, шавар шороог хаман орзон бий болгосоор шавар тайга үүсчээ.
Енисей мөрөн-цөн түрэлтийн жишээ
Яваандаа шавар нь чулуужиж, ой модгүй нүцгэн хөх уулсыг бий болгосон нь одоогийн Хорьдол Сарьдагийн нурууд ажээ. Ийнхүү Дархадын хотгорын эргэн тойрны жижиг уулс ч мөн мөсний ёроолд наалдан, газраас ховхрон, дүүжлэгдсэн шавар, мөс нь хайлах үед тогтож үлдсэний үр дүнд бий болсон байна. Харин өнөөх далай уулсаа сэтлэн урсаж, Енисей мөрөн зэрэг гадагш урсах голидролоо бий болгосон байна.
Үүнийг гадны судлаачид олон туршилт, судалгаагаар баталсан байна. Тухайлбал,
1.Хорьдол Сарьдагийн уулсад гонзгой, тэг бөөрөнхий чулуунууд олон байдаг. Үүний учир нь их усан далай аажим аажмаар долгилон доошлохдоо тухайн үеийн өндөр шавар эргийнхээ(одоогийн уул) шаврыг усныхаа долгионоор дугуйлан хаясан нь олон жилийн явцад чулуу болжээ. Ингээд 6,5 сая орчим жилийн өмнө далай дундарсаар, гадагш урсан гарч зөвхөн голууд нь үлдсэн байна. Үүний үр дүнд Дархадын хотгор усыг нь авчихсан, шавар хонхор л болж үлджээ.
2. Үүнийг батлах бас нэг баримт нь- Далай ганцхан өдрийн дотор ширгээд эсвэл урсаад алга болчихгүй. Маш урт хугацааны явцад дундарсаар, дундарсаар үгүй болох нь мэдээж. Тэгвэл одоогийн Дархадын хотгор дахь Товог уул, Жаргант уул гээд маш олон нүцгэн уулсыг сайтар ажиглавал, дундуур нь бүслүүр мэт үе гарсан байдаг нь далай бага багаар доошлон дундарч байсныг баталдаг байна.
Ийнхүү далай урсаж, ширгэж дуусахад тогооны ёроол шиг хонхорт бүх шим тэжээл нь үлджээ. Тиймээс таван сая гаруй жилийн өмнө тэрхүү их шим тэжээлт нутгаас асар өтгөн, шигүү ой ургаж Дархадын хотгорыг дүүргэсэн байна. Гэтэл 4,8 сая орчим жилийн өмнө аянга цахилгаанаас үүдэн байгалийн түймэр гарч, ой тэр чигтээ шатаад тогтохгүй, шаталт нь газрын гүнд хүртэл явагдан, эргэн нөхөн төлжихөөргүй болж, зөвхөн хар шороо үлдсэн байна. Хар шорооноос ой ургах боломжгүй, харин өвс ургамал ургаж эхэлжээ.
Ингээд 3,6 сая орчим жилийн өмнө тэрхүү шатсан ойн нурам дээр хөрс бий болсноор өнөөгийн Дархадын хотгорын өнгө төрх ерөнхийдөө бүрэлджээ. Үүний баталгаа нь тухайн бүсийн хөрсийг 1 метр 70 см орчим ухахад, хар шороо, шавар, элс зэрэг давхрагууд байх ба түүний дор хар үнс байдаг аж. Энэ нь тэрхүү асар өтгөн ойн их шаталтаас үлдсэн нурам ажээ.
Ийнхүү Дархадын хотгор нэгэн цагт далайгаар бүрхэгдэж, нэгэн цагт ой модоор бүрхэгдсээр, олон сая жилийг туулж өнөөгийн өнгө төрхөө олсон байна.