Бид юуг анзааралгүй өнгөрүүлдэг вэ?
Вашингтоны метроны буудал дээр ид оргил цагт нэгэн хийлч 45 минутын турш хөгжмийн зургаан бүтээл тоглож байхад хажуугаар нь хэдэн мянган хүн явж өнгөрсөн. Тоглож эхлээд гурван минут болоход нэг залуу анх түүнд анхаарал хандуулж, алхаагаа удаашруулан хэсэг сонсоод явж одсон. Дахиад нэг минут өнгөрөхөд хөгжимчин анхны орлогоо олсон байна.
Нэг эмэгтэй дэргэдүүр нь гүйж гарахдаа түүн рүү харалгүй мөнгө шиджээ. Хэдэн минутын дараа нэгэн эр хана налан сонсох гэснээ гэнэт цагаа хараад яаран явсан. Хөгжимчнийг хамгийн их сонирхсон хүн бол ээжтэйгээ хамт явж байсан гурван настай жаалхүү байв. Бяцхан хүү амаа ангайн зогтусахад ээж нь гараас нь угзран татаж явдлаа үргэлжлүүлсэн байна. Хүү чаргууцалдан зогсох гэсэн боловч ээж нь чирсээр аргагүй явсан хэдий ч бараа тасартал эргэн эргэн харсаар явжээ.
Яг иймэрхүү байдлаар хэд хэдэн бага насны хүүхэд хөгжимчнийг сонсох гэхэд бүх аав ээж нар боломж өгөөгүй. Энэхүү тоглолтын 45 минутад зургаан хүн түр саатаж сонссон, 20 хүн згосолгүйгээр мөнгө өгсөн. Хөгжимчний нийт орлого 22 ам.доллар болсон байв.
Энэ хийлч бол дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийн нэг Жошуа Белл (Joshua Bell) байсан юм. Тэрээр хэзээ нэгтээ бичигдэж байсан хамгийн гайхамшигтай, хамгийн нарийн төвөгтэй бүтээлүүдээс сорлон тоглосон. Түүний хийл нь 3.5 сая сая ам.долларын үнэтэй Страдиварийн хийл байсан. Үүнээс хоёрхон хоногийн өмнө Жошуа Белл Бостонд тоглолт хийхэд танхим битүү дүүрч, хүмүүс зогсоогоороо алга ташиж байлаа. Тасалбарын үнэ нь 100 ам.доллар байсан юм. Жошуа Беллийн метронд хийсэн тоглолт бол “Washington Post”сонины газраас явуулсан судалгаа байв.
- Энгийн нөхцөлд, тохиромжгүй цаг үед хүн гоо сайхныг мэдэрч чаддаг уу?
- Гоо сайхныг үнэлэх гэж бид зогсос хийдэг үү?
- Санамсаргүй, эгэл бус орчинд хүмүүс авъяас ба урлагийг таньж чаддаг уу? гэх зэрэг асуултын хариунд дүгнэлт хийхийн тулд энэ судалгааг хийсэн байна.
Харамсалтай нь бид, манай гаригийн хамгийн шилмэл хөгжимчин хамгийн гайхамшигтай, ид шидийн гэмээр аялгуунуудыг тоглож байхад яагаад түр ч болов зогсоод сонсож чадахааргүй завгүй, мэдрэмжгүй болчихсон юм бол, өнөөдрийн амьдралын хурд биднийг хуу залгиж, дотоод ертөнцийг маань ч ховх сорж байна.
Бид яагаад ийм яруу тодыг ч олж үзэхгүй сохор дүлий болсоор байгаа юм бол, бид ер нь өшөө юуг дэргэдүүрээ өнгөрөөж алдаж байгаа бол?!