Зэвсэглэсэн этгээд Крым дэх сургуульд гал нээж 19 хүний аминд хүрэв
Өнгөрсөн лхагва гарагт Крым дахь Керч хотын политехникийн коллежийн нэгэн оюутан гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтсэн тухай "Daily mail" сайт мэдээлэв.
Энэхүү хэрэгт ОХУ-ын мөрдөн шалгах хороо террорист халдлага гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Урьдчилсан мэдээллээр металл зүйлээр дүүргэсэн тэсрэх төхөөрөмж ашигласан нь тогтоогдсон бөгөөд хожим нь хэрэг аллага гэсэн зүйл ангиар өөрчлөгдсөн юм. Крымийн тэргүүн Сергей Аксеновын мэдэгдсэнээр, гал нээсэн сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд халдлага үйлдсэний дараа тэрбээр амиа хорложээ. Сэжигтэн тус коллежийн 4 дүгээр курсын оюутан байсан аж.
Хожим нь мэдээлснээр, 18 настай сэжигтэн Владислав Росляков нь сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байсан бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард тэрбээр хууль ёсны үндсэн дээр ангийн буу худалдан авч байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар халдлагын улмаас амиа алдагсдын гэр бүлийнхэн, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Крымд пүрэв гарагаас эхлэн 3 хоногийн гашуудал зарласан байна.