УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая байнгын хорооны гишүүдэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан вальютын ханшийн өсөлтийн талаарх мэдээллийг өглөө.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ханшийн асуудал их чухал болчихоод байна л даа. Ханш бол Монголбанкны асуудал гэж Сангийн сайд хэлсэн. Та Засгийн газартай сайн хамтарч ажиллаж байгаа талаар ч ярилаа. Гэтэл таны ярьсан найман асуудал чинь Засгийн газартай холбоотой байна. Ингэхэд хамтын ажиллагаа чинь яаж яваад байна вэ" гэв.
Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Миний хэлсэн мэдээлэл хуулиар тогтоосон чиг үүрэг минь юм. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна, цаашид ч ажиллана. Гэхдээ дангаараа хэрэгжүүлэхэд хэцүү. Тиймээс бусад бүтэц, төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготойгоо уялдуулах шаардлагатай. Энэ ч утгаараа байнгын хорооны хуралдаанд ярьж байгаа юм. Нөөцөө нэмэхийн тулд алтны худалдаагаа нэмж байна. Монголбанкнаас авч байгаа ганц алхам бол энэ. Гадаад худалдааны бодлого алдагдчихаад байна. Монголчууд худалдаа наймаа эрхэлдэг ард түмэн. Энэ том бодлогоо эзэнгүй, яамгүй орхичихсон нь алдаа" гэв.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.