Конор Макгрегорын даагаа нэхэх саналаас Нурмагомедов татгалзжээ
Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор Макгрегорын даагаа нэхэх саналаас татгалзсан гэж Оросын тамирчны ах Алекс Нурмагомедов “Спорт-Экспресс” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Тэр Макгрегортой дахиж тулалдах сонирхолгүй байгаа. Хабиб мөнгөний төлөө тулалдахгүй. Тэд даагаа нэхэхийг санал болгосон. Хэрэв зөвшөөрвөл эхлээд 15 сая ам.доллар амласан. Гэхдээ Хабиб татгалзсан. Конор ээлжээ хүлээж, өөр хүнтэй тулалдаж болно шүү дээ. Харин Хабиб Фергюсонтой тулалдахыг хүсч байгаа, дараа нь зодог тайлна” гэж Алекс Нурмагомедов хэлсэн байна.
Аравдугаар сарын 6-нд Америкийн Лас-Вегас хотод Нурмагомедов Ирландын тамирчин Макгрегорыг ялж, хөнгөн жинд “UFC”-гийн аваргын бүсээ хамгаалсан билээ.
Тулаан дууссаны дараахан Оросын тамирчин тулааны дэвжээний хаалтан дээгүүр даван гарч, зодоон үүсгэсэн нь улмаар олныг хамарсан байна. Энэ хэргийг одоо Невада муж улсын Атлетикийн холбоо шалгаж байгаа аж.