“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
Аравдугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын хамгийн том зэс, алтны "Оюу Толгой" ХХК-ийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарчээ. Энэхүү осолтой холбоотойгоор ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй" талаар “Оюу Толгой” ХХК-иас мэдээлэв. Ослын дараа буюу даваа гаригийн 21:00 цагт гүний уурхайд ажиллаж байсан 505 ажилтныг аюулгүй газарт гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.
“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайд гарсан ослын шалтгаан хохирлын хэмжээг тодруулахаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтынхан ажиллаж буй юм байна. Одоогоор гүний уурхайн ажил зогссон байгаа талаар Ханбогд сумын Онцгой байдлын газраас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компанид гэрээт байгууллагуудын хамт нийт 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монгол ажилчид ажээ.
Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. “Рио Тинто” компаний хувьд Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч билээ.