Хиймэл оюун ухаан ашиглан хөхний хорт хавдрыг 90 хувьтай оношилно
Дэлхий дахинаа хагас сая гаруй хүний аминд хүрсэн хөхний хорт хавдрын 90 хувь нь "metastatic" буюу үсэрхийлсэн хавдар байдаг. Энэ төрлийн хавдрыг оношлоход тун хэцүү байдаг аж.
2009 онд Бостоны эрүүл мэндийн төвд, хөхний хорт хавдартай 102 өвчтөнд судалгаа хийжээ. Судалгаагаар өвчтөнүүдийн дөрөвний нэг нь бие мах бодийн үзлэгт хамрагдаагүй эсвэл эрт оношилж, илрүүлж чадаагүйгээс болсон нь тогтоогдсон байна.
Тиймээс Сан Диего хотын Эрүүл мэндийн төв, "Google" компанийн хиймэл оюун ухааны (Google-AI) хэлтсийн судлаачид хамтран хорт хавдрыг илрүүлж, үнэн зөв оношлох чадвар бүхий "LYNA" гэх хиймэл оюун ухааныг бүтээсэн байна.
Энэ төрлийн хорт хавдарт мэргэжлийн эмч нар 62 хувийн оновчтой оношилгоо хийдэг бол, энэхүү хиймэл оюун ухаан нь хүний бие эрхтнийг эд, эсийн түвшинд нарийвчлан шинжилж өвчнийг 99% оновчтой илрүүлэх чадалтай аж. "LYNA" нь "Inception-v3" дээр суурилсан бөгөөд бие мах бодийн тодорхой хэсгийг буюу тухайн өгөгдлийг 78.1 хувиас дээш нягтшилтай харуулдаг байна.
Судлаачдын тайлбарласнаар "LYNA" нь хавдрыг хортой эсвэл хоргүй эсэхийг нь урьдчилсан байдлаар тодорхойлох гэнэ. Гэвч "LYNA" төгс биш. Энэ нь цусны цагаан эс буюу гистоцит, үр хөврөлийн эс, аварга эс зэргийг тодорхойлж чаддаггүй байна.
Гэвч туршилтаар ижил наалдцыг(микроскопоор харахад зориулж, шилэн дээр бэхэлсэн зүйл) үнэлэх ажлыг эмч нараас илүү сайн гүйцэтгэж байжээ. Тиймээс энэ загвар нь тунгалгийн зангилааны үсэрхийллийг илрүүлэх 6 эмчийн ажлыг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай юм.
Мөн "Google" компани эрүүл мэндийн тусламж үйлчилгээний програмуудад том хувь нэмэр оруулсаар байна. Тухайлбал өнгөрсөн хавар "Mountain View" компанийн "Medical Brain" багийн бүтээсэн хиймэл оюун ухааныг хоёр эмнэлэгт ашигласнаар нас баралтын түвшинг урьдчилан 90%-ийн нарийвчлалтай тооцоолон гаргаж чаджээ.