Тансаг зэрэглэлийн "Lexus" хөлөг онгоцтой танилц
Тансаг зэрэглэлийн машины брэнд Астон Мартин/Aston Martin/ 2016 онд, Mерседес-Бенз/Mercedes-Benz/ 2018 оны хоёрдугаар сард тус тус дээд зэрэглэлийн завиа танилцуулж байсан юм. Тэгвэл энэ удаа Лексус/Lexus/ компани Япон улсын Ёкохома хотод болсон завины шоун дээр 1800 морины хүчтэй, 20м урт, дээд зэрэглэлийн завиа танилцуулсан байна.
Энэхүү завь нь тусдаа гурван угаалгын өрөөтэй, гол тавцан нь бүхэлдээ цонхоор хүрээлэгдсэн бөгөөд 15 хүний багтаамжтай аж. Мөн нуман хэлбэртэй бат бөх тавцантай гэдгээрээ онцлог хэмээн Лексус компани тодотгожээ.
Завины танилцуулгын үеэр Тоёота/Toyota/ компанийн дэд ерөнхийлөгч Shigeki Tomoyama “Лексус компанийн шинэ завь зүүд мэт тансаг амьдралын хэв маягийг бүрдүүлж, тэнгис далайгаар аялах боломжийг өргөжүүлэх нь гарцаагүй” хэмээн амжилт хүсч буйгаа илэрхийлжээ.
Тус завийг ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Гэвч хөлөг онгоц нь машин үйлдвэрлэдэг томоохон компаниудын ажлаа өргөтгөх цорын ганц хувилбар биш юм. Тухайлбал, Лексус/Lexus/ компани Нью-Йорк хотод наймдугаар сард, 16500 квадрат фут хэмжээтэй дэлгүүр нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.
Дэлгүүр нь дотроо кафе, кофены дэлгүүр зэргийг багтаасан тансаг зэрэглэлийн ресторантай аж. Тухайн үед Блүүмбэрг(Bloomberg) телевиз “Тус дэлгүүрээр үйлчлүүлснээр заавал машинд нь сууж үзэлгүйгээр, тухайн брэндийг шалгах, турших боломжтой” хэмээн онцолж байжээ.