Х.Баттулга: Анх удаа "МСS"-т хамааралгүй хүмүүс томилогдсон учраас Тавантолгойг хөдөлгөж чадсан
Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой Монгол үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцсон. Ерөнхийлөгчийн ярилцлагаас онцлох эшлэлийг тоймлон хүргэж байна.
-
Төсвийн 15 хувийн хэмнэлт гаргах ёстой. Ерөнхий сайд хувьсгал хийе гэж гарч ирсэн, одоо төсвөөсөө эхлэх хэрэгтэй. УИХ-ын дарга 10, Ерөнхийлөгч 15 хувь хэмнэж байгаа бол Ерөнхий сайд 10-20 хувийн хэмнэлт гаргах ёстой. Энэ хэмнэсэн мөнгөөр аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй.
-
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Татварын хэлтсийн байр гурван тэрбум, Хууль зүйн нэгдсэн конторын барилга дөрвөн тэрбум төгрөгийг тусгасан байна. Энэ мэтээр ямар ч барих шаардлагагүй барилгуудад үр ашиггүй зардал хуваарилсан байна.
-
Баасан гаригийн орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвөө танилцуулах байсан ч гадагшаа явсан учраас бид л ярилцсан. Хэмнэх саналуудаа би хэлээд, дахин оруулъя гэж ярьсан. Би төсвийн ажлын хэсэг болон байнгын хороо, бүлэгт танилцуулгаа хийнэ.
-
Манай улс 76 жижиг тойрогтой. Тухайлбал, би Баянхонгор аймгийн есдүгээр тойргоос УИХ-д сонгогдлоо гэж бодъё. Тойрогтоо ажлаа хийхийн тулд Сангийн сайдыг огцруулна шүү гэж дарамтална. Манайх ийм л жишгээр явж байна. Сонгуулийн тогтолцоо, тойргийн тогтолцоогоо эргэж харахгүй бол болохооргүй нөхцөл байдал үүссэн.
-
Миний санаачилсан, хийсэн ажлууд бүгд УИХ дээр унаж байна. Тогтолцоогоо шинэчилье гээд байгаа чинь энэ шүү дээ. Монгол Улс тогтолцооны гажуудалд орсон.
-
Засаглалаа эргэж харъя. Ингэхдээ ард түмнээсээ асууна. Яг сонгууль явуулж байгаа юм шиг УИХ-аас батлаад СЕХ зохион байгуулна. УИХ-д 64 суудалтай намын бүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэж болохгүй. 64 гишүүний гуравны хоёр нь Үндсэн хуулийг уншихгүй кноп дарна.
-
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, У.Хүрэлсүх анх удаа Ухаа Худагтай буюу MCS-тэй холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөгт гарсан. Тийм ч учраас Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргаж чадсан. Өмнө нь төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь MCS-тэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан. Тиймээс ч тэдэнд ашигтай шийдвэр гарсаар ирсэн.
-
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд аливаа асуудал дээр санал нэгдсэн байж болно. Гэхдээ УИХ дээр асуудал өөр. Сангийн сайдыг анх томилоход би хориг тавьж байсан. Энэ хүн Монгол Улсын Сангийн сайд хийх хүн биш гэдгийг олон удаа сануулсан. Ирэх оны төсөвт өөрийнхөө тойрогт 52 тэрбум төгрөг тавьсан. Гэтэл Ерөнхийлөгчийн жилийн төсөв дөрвөн тэрбум төгрөг байна. Мөн энэ хүн хүүхдийн мөнгийг эсэргүүцэж байна. Энэ хүн Сангийн сайд мөн үү, биш үү гэдгийг эргэж ярих л хэрэгтэй.
-
Дөрвөн жилийн настай Засаг өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулсан. Тиймээс цаашдаа ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.
-
Манай улс 1990 онд ОХУ, Хятадтай нэг гараанаас гарсан. Бид газрын дээрх баялгаа боловсруулах, газрын доорх баялгаа эзэнтэй болгох хэрэгтэй. Гаднын иргэд манайд орж ирээд баялгийг маань булаацалдаж шүүх, цагдаагийн байгууллагыг хувааж байна.
-
Ядаж гадаад бодлого дээрээ дөрвөн жилийн ой санамжгүй байя гэдэг дээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд санал нэгдсэн.
-
Майдар хот руу таван их дээд сургуулийг нүүлгэж, Азийн хамгийн том номын санг байгуулъя гэсэн санал гаргасан.
-
Би утааг найман жил ярьж байна. Шийдэлд хүрэхгүй байна. Надад шийдэл бий. Гэхдээ шийдэл нь дэмжигдэхгүй өдийг хүрсэн. Учир нь миний гаргалгаа тэдний халаасанд нэг ч төгрөг оруулахгүй.
-
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай үзэл бодол, гар нийлдэг учраас хамтарч ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар МАН-ын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Үйл ажиллагаагаа нам бусаар хийгээд л явж байгаа.
-
Газрын доорх баялаг ард түмнийх. Тавантолгойгоос эхэлнэ. Тавантолгой ашигтай ажиллаад эхэлбэл ард иргэдэд ашиг хүртэнэ. Оюутолгой ашигтай ажиллавал мөн л бидэнд ашигтай. Газрын доорх баялгаа 76 хүнд алдаад байж болохгүй.