"Увс аймагт төсөвлөсөн 52 тэрбум төгрөг улсын төсөв биш “хуссан” төсөв"
Энэ сарын 10-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, төсвийн хуваарилалтын асуудлаар нэлээн шүүмжлэл өрнүүлсэн, зарим УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг өөрийнхөө тойрогт 50 тэрбум төгрөг суулгасныг гишүүд болон ард түмэн нэлээд шүүмжиллээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байсан ч Увс аймагт бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл өгөхдөө “Төсвийн Ажлын хэсгээс ийм асуудал гаргасан юм билээ. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсөв тавигдсан. Намын мөрийн хөтөлбөрт туссан бүс нутгийн чанартай ажил, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв зэрэгт тусгагдсан мөнгө юм билээ. Ажлын хэсгийнхэн нягталж, танилцуулна” хэмээн хэлсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн хуваарилалт дээр засалт хийх боломжгүй” гэсэн байдлаар асуудалд хандсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харна хэмээн хэлсэн аж.
Тэгвэл асуудал дагуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өөрийнхөө тойрогт хувиарласан 50 орчим тэрбум төгрөгний талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Олон жилийн туршлагаас харахад сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон. Эрхэм гишүүд Та бүхэн асуудалд эрүүл ухаанаар хандаж төсвийг айсуй санхүүгийн хямралд улсынхаа эдийн засгийг бага өртүүлэх, тэсэж үлдэх тал руу хандуулбал зохистой байна. Тойрогтоо барилгын суурь цутгасан эсэхээр чинь бус улс орны тогтвортой ирээдүйд хандсан, иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаар чинь л иргэд та бүгдийг дүгнэнэ.
Товчхондоо 2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл: Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл. Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна” хэмээн хэлсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий.
Тиймээс тохиролцсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсвүүд тавигдсан юм билээ. Намын мөрийн хөтөлбөрт суусан үзэл бодлын чанартай арга хэмжээнүүд гээд тэрэн дотроо Увс гэхчлэн янз бүрийн аймгуудад төсөв тавигдсан. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлгийн хуралд танилцуулна” гэсэн тайлбарыг өглөө.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ихэд уурлаж “...Энэ төсөв бол улсын төсөв биш “хуссан” төсөв байна. Монгол Улсын төсөв биш гишүүдийн төсөв болсон байна. Төсвөөс хулгай хийж сонгуульд бэлдэж байна. Та нар ингэх гэж өмнөх Засгийн газрыг унагаасан байна. Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахин нэг хараарай. Сангийн сайд бусад аймагт 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэгт танай байгууллага хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Ийнхүү хэл амны бай болоод байгаа төсвийн зарцуулалтаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эргэн харна биз.