“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Гоёо" үйлдвэрт хүмүүс хордож, Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн билээ. Эрүүл мэндийн яам энэ тухай мэдээллийг тухайн шөнийн 00:00 цагийн үед хүлээн авч, Нийгмийн эрүүл мэндийн төв, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран ажилласан байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хордсон хүмүүсийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Эхний ээлжинд хоёр хүн хордож ирсэн. Харамсалтай нь, нэг хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй, түргэний тэргэнд амиа алдсан. Аравдугаар сарын 13-ны өдөр "Гоёо"-ийн ажилчид болох тухайн хэрэг болсон газрын хажуугийн өрөөнд байсан 14 хүн ирж эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрсэн хоёрыг нь Хордлогын үндэсний төвд тусгаарлаж, эмчилгээнд оруулсан.
Нийт дөрвөн хүн эмнэлэгт хэвтсэнээс нэг хүн хүнд, нэг нь хүндэвтэр, хоёр нь дунд зэрэг гэсэн биеийн байдалтай байсан. Одоогийн байдлаар хордлогын хөнгөн зэрэгтэй байсан хоёр хүн эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Хүнд байсан хоёр өвчтөний биеийн байдал сайжирч, амин үзүүлэлтүүд дээшилсэн.
Урьдчилсан байдлаар бензиний хордлого хэмээх онош тавин эмчилгээ хийгдэж байна. Судалгаагаар, тухайн үед шал өрөмддөг, бензинээр ажилладаг жижиг оврын машин ажиллаж байсан байна. Хэдийгээр жижиг оврын боловч битүү хортой орчин бүрдүүлсэн байна. Өвчтөнүүдээс авсан шинжилгээнүүдийн хариу гарснаар хордлогын шалтгаан нарийн, тодорхой болно” гэв.