Иракт ундны усанд хордсон хүмүүсийн тоо 111 мянгад хүрчээ
Иракийн өмнөд зүгийн Басра мужийн ундны усанд хордсон хүмүүсийн тоо 111 мянгад хүрлээ гэж "Al-Sumaria" агентлаг мэдээллээ.
Тус мужид хичээлийн шинэ жил эхлэх үед сургуулийн сурагчид ундны усанд хордсон тохиолдол мөн гарч байсан гэнэ.
Цахилгаан, ус хангамжийг сайжруулахыг шаардсан жагсаал 2018 оны зургадугаар сарын 8-наас Басра боомт хотод эхэлж, Майсан, Кербела, Нажаф зэрэг мужид хүрээгээ тэлсэн байна. Жагсагчдын шаардлагыг дэмжин Иракийн шиит шашинтнуудын тэргүүн Али ас-Систани нэгджээ.
Эрх баригчид ундны ус, цахилгааны шугам сүлжээг сэргээхэд зориулж 17 сая орчим ам.доллар зарцуулах, мужийн оршин суугчдад зориулан 10 мянган шинэ ажлын байр бий болгох амлалт өгчээ. Албан ёсны мэдээгээр, Иракт ажилгүйдлийн төвшин 10.8 хувь байдаг гэнэ.
Кувейтын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Иракт үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан Кувейт улс тус бүр 250 мянган галлон ус цэвэршүүлэх хүчин чадалтай дөрвөн төхөөрөмж гардуулж өгсөн байна.