А.Оюут: Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийсэн
Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгэж байна гэх мэдээллийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Оюутаас тодрууллаа.
-Өнгөрсөн баасан гарагаас эхлээд Богдхан уулын дархан цаазат газарт хууль бусаар, нойтон мод огтолж байна гэх мэдээлэл гарах боллоо?
-Богдхан уулын дархан цаазат газарт хууль бусаар, нойтон мод огтолж байна гэх мэдээллийг иргэдэд тараасан байна. Богдхан уулын дархан цаазат газарт хууль бусаар мод огтол зүйл байхгүй. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ойн менежмент төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хортонд идэгдэн ургах чадваргүй болсон, шатсан ойд тухайн жилд ойгоос бэлтгэх мод бэлтгэх ажил явагдаж байгаа. Энэ ажил нь Төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯаманд Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг хүргүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Тухайн онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай" тушаалын дагуу хийгдэж байгаа.
Тушаалын хүрээнд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Иймд аялагчид болон иргэд төрийн байгууллагаас хийгдэж буй ойн цэвэрлэгээний ажил үйлчилгээг байгальд ээлтэй аргаар хийж байгааг ухамсарлан зөв ойлголттойгоор хүлээж авах хэрэгтэй.
-Ойг цэвэрлэж дуусаад шинээр тод тарих, нөхөн сэргээх ажилд хийгдэх үү?
-Ойд цэвэрлэгээний ажил хийгдсэнээр цаашид ургах чадваргүй болсон шатсан, хортонд идэгдсэн, унасан болон хатсан босоо мод огтолсноор ойд шинээр мод тарих, байгалийн аясаар нөхөн сэргэх боломж бүрддэг. Тэгэхээр ойг цэвэрлэх ажил нь шинэ мод ургах, нөхөн сэргээгдэх ажил хийгдэж байна гэсэн үг.
-Ой цэвэрлэх ажилд ямар байгууллага хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Нэг машин мод, нэг ширхэг мод ч гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хулгайн мод бэлтгэхтэй тэмцэх газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудаар хянагдаж, бичиг баримтаа шалгуулж гардаг.
Бичиг баримтгүй, бичиг баримтын зөрчилтэй мод ачсан тээврийн хэрэгслийг хулгайн мод бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл, модыг улсын орлого болгодог учраас хууль бусаар болон хулгайн мод тээвэрлэх боломжгүй юм. Иймд Богдхан ууланд иргэд болон аж ахуйн нэгж нойтон мод огтлох, хулгайн мод бэлтгэл хийх боломжгүй. Иргэд та бүхэн санал, хүсэлт, мэдээ, мэдээлэл авахыг 342137утсанд хандаж болно.