Бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөлд автдаг вэ?
Хүмүүс өөрийн хүсээгүй зүйлийг нэг л мэдэхэд хийчихсэн, эсвэл хийхээс аргагүй байдалд орох тохиолдол байдаг. Энэ нь зорилготойгоор бидний далд ухамсарт нөлөөлж, шууд бусаар ятгаж буйн үр дагавар юм. Тэгвэл бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлөлд автдаг вэ?
1 Үнэ-чанар гэх ойлголт
Нэгэн эмэгтэй АНУ-ын Аризона мужид Энэтхэг үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Аялал жуулчлалын улирал ид дундаа орж, дэлгүүр нь худалдан авагчдаар дүүрсэн ч, маш боломжийн үнэтэй, сайн чанарын хийцтэй оюу үнэт эдлэлийнх нь борлуулалт тун тааруу байжээ. Дэлгүүрийн эзэн бүсгүй оюуны борлуулалтыг нэмэхийн тулд дэлгүүрийнхээ голд байрлуулж, худалдагч нартаа оюуг түлхүү зарахыг даалгаад ч амжилт олоогүй байна.
Эцэстээ бараа, материалаа татахаар хотоос гарахынхаа өмнөх орой, ерөнхий менежертээ “Энэ лангуун дахь бүх барааг x1/2 үнээр” гэсэн тэмдэглэгээг үлдээгээд явжээ. Энэ нь оюунуудыг тал үнээр нь ч болов зарахыг хүссэнийх аж. Гэтэл менежэр нь тухайн тэмдэглэгээг тал үнээр нь зар гэж ойлголгүй андуурч, бүх оюуг 2 дахин өндөр үнээр зарж дуусгасан байжээ.
Борлуулалт муу байсан оюуны үнийг нь огцом өсгөснөөр ийнхүү богино хугацаанд зарж дуусчээ. Үүний учир нь үнэт эдлэлийн чанар, хийцийг тийм ч сайн мэдэхгүй жуулчдын үнэтэй л бол чанартай гэх ойлголтоос болсон байна. Ингээд зарагдахгүй байсан оюуны үнийг хиймлээр өсгөснөөр, чанарыг ч хиймлээр өсгөж, энэхүү үнийн өсөлт нь чанарын өсөлт болон хувирсан байна. Үнээ дагаад чанар байдаг нь үнэн ч, зарим тохиолдолд энэ мэт бидэнд нөлөөлөх гэсэн зохиомол хөөрөгдөл байх нь олонтаа.
2 Гэнэтийн хариуцлага үүрүүлэх
Та дэлгүүр дотор аливаа нэг хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаатай таарч, амталж үзчихээд заавал авах ёстой мэт, бүр түүнийг амссанаар өртэй болчихсон юм шиг санагдаж байсан уу? Энэ бол бидэнд гэнэтийн хариуцлага үүрүүлж буй нөлөөллийн нэг хэлбэр юм.
Мөн улс төрийн салбарт, аливаа сонгуульд нэр дэвшигчид зардлаа олохын тулд ард түмнээс хандив авдаг. Гэвч үүний үнэн учир нь мөнгөндөө биш харин тэдэнд хариуцлага үүрүүлж, өөрийгөө сонгуулах гэсэн нөлөөллийн нэг хэлбэр ажээ.
Ард түмэн хандив өргөхдөө хэдэн ч төгрөг өгч болно. Тавин төгрөг, зуун төгрөг байсан ч хамаагүй. Гэвч хэд гэдгээс үл хамаарч хандив өргөсөн хүн өөрөө тухайн нам, нэр дэвшигчээс хамааралтай болдог аж. Би хандив өргөсөн учир энэ хүнд, энэ намд саналаа өгөх ёстой гэсэн бодол төрж, сонголтод нь нөлөөлдөг байна.
Зарим шашны сүм, хийдүүд хоол, сургалт зэрэг сайн дурын мэт үйл ажиллагаа зохион байгуулж, түүгээрээ хүмүүсийг татан, аажмаар тэдний оюун санаа, сүсэг бишрэлд нөлөөлөх тохиолдол ч гардаг байна.
Энэхүү нөлөөллийн хэлбэр нь улс төр, бизнесийн салбараас эхлээд, өдөр тутмын хүмүүс хоорондын харилцаанд хүртэл өргөн ажиглагддаг тул үүнээс зайлсхийх дархлааг өөртөө суулгаарай.
3 Хариу буулт хийх
Нэгэн залуу гудамжаар явж байтал 11-12 насны хүүхэд гүйн очоод, ирэх бямба гаригт болох скаут хүүхдүүдийн циркийн тасалбар 5 доллараар авахыг хүсчээ. Залуу татгалзсан байна. Гэтэл хүү тэгвэл нэг шоколад 1 доллараар аваач хэмээн хүсэхэд залуу шоколаданд дургүй боловч хоёрдахиа татгалзаж чадалгүй авчээ.
Хэрвээ хүү анхнаасаа шоколад санал болгосон бол залуу авахыг зөвшөөрөхгүй. Харин арай илүү үнэтэй зүйл санал болгоод, дараа нь буулт хийж, өөр хямд зүйл санал болгосон тул залуу ч мөн харилцан буулт хийж, хоёрдахь саналыг зөвшөөрсөн байна. Энэ бол бидний анзаарахгүй хэрнээ өдөр тутмын амьдралд тохиолддог нөлөөллийн нэг хэлбэр юм.
Энэ мэт нийгмийн харилцааны бүх түвшинд тулгардаг нөлөөллийн хэлбэрүүдийг танин мэдсэнээр түүнд автахгүй байх боломжтой юм. Энэ талаар сэтгэл судлалын ухааны доктор Робэрт Б.Чалдини судалгаа хийж, ном хэвлүүлсэн нь олон улсын бэстсэллер болсон байдаг.