Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан Канье Уэст хачирхалтай үйлдэл хийв
Америкийн алдарт реппер, дуучин Канье Уэст өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Уулзалтыг телевизийн “MSNBC” суваг шууд дамжуулан үзүүлсэн байна.
Канье Уэст бол АНУ-ын алдарт реп дуучдын нэг юм. Тэрбээр Грэммийн шагналыг 21 удаа хүртэж байсан нэгэн бөгөөд энэ шагналынхаа тоогоор дээд амжилт тогтоож байсан хүмүүсийн нэгд зүй ёсоор багтдаг аж.
Трампыг дэмжигч алдарт реппер Канье Уэст энэхүү уулзалтад ирэхдээ Трампын сонгуулийн уриа болох “Америкийг дахин агуу болгоё” гэсэн бичиг бүхий улаан саравчтай малгайг өмссөн байжээ. Энэ уриа үг сонгуулийн кампанит ажил өрнөх үеэс л түүний анхаарлыг татаж эхэлсэн гэж дуучин залуу сэтгүүлчдэд ярьжээ. “Энэ малгайг өмсөхөөр л Супермэн болчихсон мэт санагддаг. Энэ малгайд их учир бий” хэмээн Канье Уэст хэлсэн байна.
Энэхүү уулзалтад мөн Дональд Трампын охин Иванка Трамп болон төрийн тэргүүний ахлах зөвлөх Жаред Кушнер нар хүрэлцэн ирсэн байна. Жаред Кушнер бол Дональд Трампын хүргэн билээ. Дуучин залуу Америкийн төрийн тэргүүнтэй аж үйлдвэрлэлийг сэргээх явц, шоронгийн шинэчлэлийн асуудал хийгээд гэмт хэргийн бүлэглэл, хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцсан юм. Уулзалтын үеэр реппер Канье Уэст ерөнхийлөгч Трампт хандан “Би энэ залууд хайртай түүнийг тэврэхийг минь зөвшөөрөөч” гэж хэлээд ерөнхийлөгчийг тэврэхийг оролдох үед нь Трамп дуучин залуутай гар барилцсан байна.